
Европын хамгийн өндөр настай хаан болох Норвегийн хаан V Харальд хаан ширээнд 35 жил суусныхаа дараа 89 насандаа таалал төгслөө.
Норвегийн Хааны ордон цахим хуудсаараа дамжуулан тэрбээр баасан гаргийн өглөө 6:35 цагт нас барсан гэх харамсалтай мэдээг ард түмэндээ мэдэгджээ.
Харальдын оронд түүний хүү Хаакон хаан ширээг залгамжилна. Түүний ач охин Ингрид Александра одоо Норвегийн хаан ширээг залгамжлах дараагийн хүн болж байна.
Харальдын нас барсан нь Норвегийн хааны гэр бүлийн хувьд хүндхэн цаг үед тохиож байна. Хаакон хааны гэргий, одоо Хатан хааны гэргий Мэтте-Марит сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн асуудалтай тулгарсан. Мөн энэ жил нас барсан бэлгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейнтэй харилцаж байсан талаарх мэдээлэл ил болсноор дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм.
Үүний дараахан түүний өмнөх харилцаанаас төрсөн хүү хүчин болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдан, дөрвөн жилийн хорих ял сонссон.
Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре Харальдыг нас барсны дараа “бүхэл бүтэн улс гашуудаж байна” хэмээн хэлээд, Норвегийн ард түмэн “Норвегийн төлөөх урт удаан хугацааны үйлсэд нь гүнээ талархах сэтгэлээр үдэж байна” гэжээ.
Хааны гэр бүлийнхэн Харальдыг наймдугаар сарын дундуур цусны эмгэгийн улмаас бие махбодод нь шингэн хуримтлагдсан тул эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн гэж мэдээлснээс хойш биеийн байдал нь эрс муудсан байна. Түүнийг бактерийн халдвар авсан гэх мэдээлэл ч бий.
Харальд 1991 онд хаан ширээнд суухдаа 53 настай байв.
Сүүлийн жилүүдэд Харальдын эрүүл мэндийн байдал муудсан. Тэрбээр зүрхний мэс засалд хоёр удаа орсон бөгөөд хамгийн сүүлд 2020 онд 2005 онд анх суулгасан зүрхний хавхлагыг солих мэс засал хийлгэжээ.
Эдгээр хоёр тохиолдлын үеэр түүний хүү Хаакон төрийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, хааны албан ёсны төрийн үүргийг гүйцэтгэж байсан юм.
Тэрбээр 57 жил ханилсан эхнэр, Хатан Соня, хоёр хүүхэд, таван ач зээгээ үлдээж байна2021 оны есдүгээр сард Харальд баруун өвдөгнийхөө дээд хэсэгт гэмтсэн шөрмөсийг засах мэс засал хийлгэн, мэс заслын дараа тэрбээр таяг хэрэглэж байгаа нь олонтаа харагджээ.
2023 оны тавдугаар сард амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэж, эмнэлгээс гарсныхаа дараа амрах шаардлагатай болсон ч хаан тухайн жилдээ албан үүргээ идэвхтэй үргэлжлүүлж, 275 удаагийн албан арга хэмжээнд оролцсон байна.

Үүнээс нэг жилийн дараа Харальд Малайзын Лангкави аралд хувийн амралтаа өнгөрүүлж байхдаа эмнэлэгт хүргэгджээ.
Норвегийн Хааны ордны мэдээлснээр, тэрбээр халдвар болон зүрхний цохилт удааширсан шалтгаанаар эмчилгээ хийлгэсэн. Мөн үүний улмаас түүнд зүрхний пейсмейкер суулгах шаардлагатай болсон байна. Эрүүл мэндийн байдал муу байсан хэдий ч Харальд үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй болох хүртлээ хааны албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэжээ.
2024 оны нэгдүгээр сард Данийн хатан хаан II Маргрете хаан ширээнээсээ татгалзсаны дараа Харальд өөрийгөө хаан ширээнээс буух эсэх талаарх таамагт хариу өгч, өөрийн үүргийг насан туршийн үүрэг гэж үздэгээ дахин илэрхийлсэн аж.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Би үргэлж хэлж ирсэн зүйлээ хэвээр хадгалж байна. Би тангараг өргөсөн” хэмээгээд, “энэ нь насан турш үргэлжилнэ” гэж хэлж байлаа.