
Санал худалдан авахын эсрэг хэмээх бие даасан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа санаачлан боловсруулаад буй.
Тэрээр нэлээд хэдэн сарын турш уг төсөлдөө олон нийт, судлаач, мэргэжилтнүүдээс санал авсны эцэст өргөн барихад бэлэн болжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2005 оноос хойш л үнэгүй эмнэлгийн үйлчилгээ, элдэв спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулж, бэлэг сэлт, мөнгө тараахыг хориглосон заалт оруулсан. Үүний дагуу сонгуулиар зохион байгуулдаг үнэгүй урлагийн тоглолтууд зогссон. Харин хүнс, бэлэг сэлт, мөнгө тараах, үнэгүй үйлчилгээг ил цагаан үзүүлдэг байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Үүний шалтгаан юу вэ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2005 онд оруулсан хууль бус сурталчилгааны хэсэгт хориглосон заалтууд яагаад хэрэгжсэнгүй вэ. Учир нь эдгээрийг зөвхөн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд л хориглосон, бусад үед нь “зөвшөөрсөн” байж. Тэгэхээр УИХ-ын гишүүд сурталчилгааны 20-иод хоногоос бусад үед эрх мэдэл, албан тушаал, улсын төсвийг ашиглаад “тойргоо усална”. Шинээр нэр дэвшихээр төлөвлөсөн хүмүүс ч өрсөлдөх тойргоо энэ мэтээр тойглох боломж нээлттэй байжээ. Ийм заалтыг бэлгэдлийн төдий гэхээс яах билээ. 2015 онд дээрх хуульд хууль бус сурталчилгааны хугацааг бага зэрэг өргөтгөж, “Сонгуулийн жил эхэлснээс хойш” хэмээн тодотгож өгсөн. Бусад гурван жил хагаст нь бол бэлэг сэлт тарааж, санал худалдан авах хөрсөө бэлдэхийг зөвшөөрсөн хэвээр байна. 2019, 2023 онд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ч эл хугацааг зассангүй. Гагцхүү цахим сүлжээ ашиглан чансаа тогтоох санал асуулга явуулахгүй, тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлахыг хориглоно гэх мэт заалт цаг үетэй нийцүүлэн нэмжээ.
2023 оны төгсгөлөөр зуд болоход олон сайд Засгийн газрын тусламжийн цуваатай нэгдэж, өөрөөсөө олгож буй мэт гардуулж байв шүү дээ. Мөн элдэв шагнал гардуулахдаа тэд тун дуртай. Энэ мэтээр тэдэнд сонгуулийн хагас жилээс бусад үед сонгогчдоос оноо авах боломж гишүүн бус хүмүүсээс илүү. Хуулийн ийм “цоорхой” эрх баригчдад ашигтай учраас засахыг хүсдэггүй. Мөн хариуцлага тооцох зохицуулалт ч хуульд бараг алга. 2012 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслах мөнгө тарааж буй бичлэг тухайн үедээ нийгмийн сүлжээнд цацагдсан. Бэлэн баримт байхад ч хуулийн байгууллага дээрх хүмүүсийг эргүүлэн татаж чадаагүй юм. Оронд нь тэдний шадар туслах, сонгуулийн штабт нь ажилласан зарим хүнийг шийтгээд дууссан билээ. Үүнээс хойш хариуцлагын системийг чангаруулах тухайд мөн л бэлгэдлийн төдий өөрчлөлт хийжээ. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна гэж зохицуулсан байна. Тэгснээ нөгөө талд нь УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэхгүй гэв. Ингээд УИХ-ын гишүүд санал худалдан авахыг хориглосон бүх оролдлогыг хийсэн ч ял, шийтгэл авахгүй байх бас нэг “цоорхой” үүсгэсэн юм.
Улстөрчид, горилогчдын сонгогчдыг татах арга цаг үеэ даган хувьсаж, өөрчлөгдсөөр ирснийг МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалай онцлов. Тэрээр “Санал худалдан авах зорилготой бэлгийг материаллаг ба бус гэж ангилж байна. Материаллаг бэлэг буюу гэр ахуйн бараа, хүнсний бүтээгдэхүүн, мөнгө, монгол гэр, нүүрс зэргээс гадна сургалтын төлбөрийг даах, аялал, эмчилгээнд үнэгүй хамруулах, ажлын байраар хангах зэргээр санал худалдан авахыг оролддог. Мөн материаллыг бэлгийн чанар сайжирч, өмнө нь голдуу бидон, сав, хөнжил, аяга, ном сэлт өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд power bank, жижиг усны сав их болсон” гэв. Улстөрчид бас ирээдүйн сонгогчдыг онилдог болсон аж. Тухайлбал, Ж.Ганбаатар гишүүн ахлах ангийн сурагчдад зориулсан ЭЕШ-д бэлтгэх “Шинэ алхам” хэмээх гарын авлагыг 2016 оноос хойш сонгууль бүрээр гаргаж буй гэнэ. Номын нүүрэн дээр эрхэм гишүүн өөрийнхөө зургийг тавьжээ. Гэхдээ уг номын агуулга маш сайн тул Баянгол дүүрэгт амьдардаг ахлах ангийн хүүхдүүд үүнийг үнэхээр л ЭЕШ-д бэлдэхдээ ашигладаг аж. Өдөр бүр номоо дэлгэнэ, тэр бүрдээ Ж.Ганбаатар гишүүний зургийг харна. Ингээд хүүхдүүд 18 нас хүрч, санал өгөх эрхээ эдлэх үед нүд болон далд ухамсарт нь хэдийн танил болсон “ахыг” сонгодог гэнэ. Энэ мэтээр санал худалдан авах, нөлөөлөх технологи төгсөрчээ.
Тэгвэл гишүүн Ж.Баярмаа энэ бүх цоорхойг нөхөхийг эрмэлзжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэрэгждэггүй, бэлгэдлийн төдий заалт нэмсэн болсны оронд бие даасан хууль байх хэрэгтэй гэж үзсэн байна. Түүний санаачилсан төсөлд хоёр гол өөрчлөлтийг тусгажээ. Тухайн нэр дэвшигч, горилогч, улстөрч өөрөө шууд бэлэг сэлт тараах нь ховор. Уг ажлыг голдуу түүний туслах, зөвлөх, сонгуулийн штабын ажилтан, найз нөхөд хийдэг. Тиймээс хуулийн төсөлд санал худалдан авахыг хориглосон албан тушаалтнуудаас гадна “гуравдагч этгээд” хэмээн тусгайлан зааж өгсөн аж. Мөн хуульд хамаарахаар заасан бүх хүн энэ төрлийн ажиллагаа явуулахыг бүрмөсөн хоригложээ. “Аливаа этгээд сонгогчийн саналд хууль бусаар нөлөөлөх зорилгоор өөрийн, гуравдагч этгээдийн, эсхүл улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, нөөц, албаны эрх мэдлийг ашиглан иргэн, сонгогчдын тодорхой бүлэгт мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр эдийн болон эдийн бус ашиг, давуу байдал олгох, амлах үйлдэл, үйл ажиллагааг санал худалдан авах гэнэ” хэмээн төсөлд тодорхойлсон байна
Мөн эрх барьж буй намын УИХ-ын гишүүн, сайд, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хуулийн хүрээнд санал худалдан авах ажиллагаа өрнүүлдэг. Дээр дурдсан зуданд өртсөн хүмүүст туслах аянаас эхлээд сонгууль дөхөхөд Засгийн газар, орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас элдэв шийдвэр гаргадаг нь нууц биш. 2024 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас “Шинэ хоршоо” хөтөлбөр баталж, сонгуулийн өмнө малчдад зээл нэрээр баахан мөнгө тараасан. 2027 оны улсын төсвийг эдүгээ парламент хэлэлцэж байна. Цалин, тэтгэвэр нэмэхээс эхлээд Оюутолгойн ногдол ашиг тараах амлалт ч үүнтэй холбогдоно. Тиймээс дээрх гишүүн хууль баталж үйлддэг хууль бус ажиллагаа ч төсөлдөө хоригложээ. Уг хуулийн үйлчлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын сайд, бүх шатны ИТХ-ын дарга, төлөөлөгч, ажлын алба, Засаг дарга, түүний Тамгын газар багтаж байна. Үүнээс гадна төрийн улс төр, захиргаа, үйлчилгээ, тусгай албан тушаалд байнга, эсхүл гэрээгээр үүрэг гүйцэтгэгч, түр томилогдсон буюу сонгогдсон албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, тэдгээрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвсэл, харьяа байгууллага, сонгуульт гишүүд хамаарна. Мэдээж бүх шатны сонгуульд нэр дэвшигчдэд хамаатай. Энэ жагсаалтад багтсан хэн бүхэнд хориглох үйлдлийг нарийвчлан тусгаж өгсөн байна. Төсөл санаачлагч “Санал худалдан авах арга улам башир болж буй. Бид төсөлдөө тэр бүх аргыг аль болох багтаахыг хичээсэн” гэжээ. Улмаар одоо зохицуулалт дээр ажлын байр хадгалах, албан тушаалд томилох, дэвшүүлэх, зуучлах амлалт өгөх, зээл, төлбөр тэглэх, хөнгөлөх, иргэн хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, эсвэл үзүүлэхгүй хэмээн дарамтлах, хясан боогдуулахыг хориглох зэргээр нэмсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө, хүний нөөцийг ашиглан аливаа үйлчилгээ явуулахыг ч хоригложээ. Энэ бүхнийг зөрчсөн нөхцөлд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог байхаар дагалдах төсөлд өөрчлөлт оруулсан аж. Мөн санал худалдан авахыг оролдсон нь шүүхээр батлагдвал тухайн гишүүнийг эгүүлэн татна гэжээ. Түүнчлэн сонгууль болохоос жилийн өмнө Засгийн газар, УИХ, бүх шатны ИТХ, Засаг дарга нар ийм агуулгатай ямар нэг хууль тогтоомж, хөтөлбөр зэргийг батлахыг хориглож өгсөн байна.
Сонгогчдод өөрийн хүслээр, шударгаар саналаа өгөх боломж олгохгүй, бэлэг сэлт, үнэгүй үйлчилгээ үзүүлэх, эсвэл дарамтлах байдлаар нөлөөлөх энэ бүх арга зам нь ардчиллын мөн чанарыг устгаж буй хэрэг юм. Монголчуудын санаа зовомтгой, “үнэнч” байдлыг ашиглаж буй хэлбэр. Өнөөдрийн парламентын дүр төрхөөс үүний сөрөг үр дагаврыг бид хангалттай харж байна. Тиймээс энэ бүх замбараагүйтлийг таслан зогсооход дээрх хуулийн төсөл чухал нөлөөтэй. Гэвч эл тэмцэл нь үр дүнд хүрч, улстөрчдөөс дэмжлэг авч чадах уу гэсэн гол асуулт бий. Ж.Баярмаа гишүүн энэ талаар “Энэ байдал явсаар улстөрчид байнга л тойргийн сонгогчдодоо бэлэг тарааж, асуудлыг нь шийдэж өгч байх ёстой мэт хандлага тогтсон. Энэ нь тэдэнд эргээд дарамт учруулдаг юм байна. Тиймээс зарим улстөрч надад эл хуулийн төслөө хурдхан өргөн барьж, батлуулж өгөөч гэж хүсэж буй. Би лобби бүлэг байгуулж, гишүүдтэй тулж ажиллана” гэлээ.
Сонгуулиас сонгуулийн хооронд улстөрчдөөр “халамжлуулсаар” дассан сонгогч олон. Тэд шат шатны ИТХ, хороо нь шийдэх асуудлаар хүртэл шууд л УИХ-ын гишүүнд ханддаг болжээ. Нөгөөдүүл нь дахин сонгогдохоо бодоод шийдэх гэж хичээнэ. Энэ мэтээр тавьсан зангандаа улстөрчид өөрсдөө орооцолдоод уджээ. Тиймээс Ж.Баярмаа гишүүнийг дэмжих улстөрч санаснаас олон ч гарч мэдэх. Юу болохыг харж байя.
С.Туул