
Төр хамгийн муу менежер гэдэг үгийг амьдрал дээр хамгийн тод харуулдаг нь Монголын улстөрчид. Сайд бүр нь сангаа цөлмөж дампууруулаад, төрөөс төрсөн тэрбумтан болж, тэдний үр хүүхэд л гадаадад сурч, төлбөр нь зээл нэрээр төлөгдөлгүй хэдэн жилээр царцаж болдог ч хэн ч хариуцлага хүлээдэггүй. Эрх баригчдын хулгайн арга улам нарийсаж элдэв нэрээр боловсруулж хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нь тэдний хувийн тансаглал, эрх мэдлийн хугацаагаа уртасгах аргад л ашиглагддаг болсон.
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн зун “Ирээдүйн өв сангийн мөнгийг гадаадад гуравхан хувийн хүүтэй байршуулж байна. Дотооддоо орон сууцжуулалтын банкны эх үүсвэр болгож ашиглавал дор хаяж 6 хувиар өсөөд зогсохгүй агаар, хөрсний бохирдол, 80 мянган айлыг орон сууцжуулах асуудлыг шийдэж чадна” гэж хэлснээ энэ жилээс бодитоор хэрэгжүүлэхээр шийджээ.
Хуримтлалын сан, Ирээдүйн өв сангийн үр өгөөжийг тооцож, эдийн засагт эрсдэлгүй, иргэдийн тулгамдсан асуудал ялангуяа орон сууцжуулах бодлогыг дэмжсэн загвар гаргахаар шийдвэрлэсэн нь Орон сууцжуулалтын банк байгуулахдаа ашиглах хөрөнгөө хэдийнэ тооцсоныг нь илэрхийлнэ. Ярьснаараа хийсэн ч энэ нь өөрөө эдийн засгийн үр нөлөө нь сайнаасаа илүү сөрөг үр дагавар авчрахаар зүйл гэдгийг ямар ч эдийн засагч бодит жишээн дээр тайлбарлаж чадна.
Орон сууцжуулалтын банк байгуулах асуудал нь иргэдийн асуудлыг шийдэх мэт сонсогдох ч үнэндээ улстөрчийн карьер, ирэх сонгуульдаа ашиглах талаас нь харвал үр өгөөж нь хамаагүй бодитой.
Ерөнхий сайд Г.Занданшатар
Бид орон сууцны асуудлыг бүрэн шийднэ. Ипотекийн зээл өнөөдөр дундаж давхаргыг дэмжих бус, тэднийг боомилсон хэрэгсэл боллоо. Бид орон сууцны тусгайлсан санхүүгийн институт буюу Орон сууцны банк байгуулна.
Монгол Улсад хэрэгжиж буй ипотекийн зээл эрэлт өндөр ч нийлүүлэлт багатай, хүлээлт ихтэй гэхчлэн сөрөг эффект их байгаа шалтгаан нь уг зээлийн хүртээмж бага, байрны үнэ өндөр, иргэдийн орлого бага тул шалгуур хангахад хүндрэлтэй байдагтай нь холбоотой. Эдийн засагчид ч үүнийг судалгаагаар “илчилсэн”. Уг хөтөлбөрийн санхүүжилтийн хэлбэлзэл өндөр учир барилгын салбарын орон сууцны үйлдвэрлэлд шууд нөлөөлдөг гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.
Ипотекийн зээл нь урт хугацаатай учир олон эрсдэл дагуулдаг. Тиймээс ч нэн тэргүүнд эрсдэлээс сэргийлэх, бууруулах, мөн хянах эрхзүйн зохицуулалтуудыг хийх шаардлагатай. Ингэхийн тулд хөрөнгийн зах зээлийн боломжуудыг нэмэгдүүлж, ипотекийн зээлийг үнэт цаасжуулах замаар дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдыг татах хувилбарт улс орнууд түлхүү шилжих хандлагатай байдаг. Харин энэ жишгийг манай улстөрчид, эрх баригчид үл тоомсорлодог. Нэмээд ипотекийн зээл нь барилгын, санхүүгийн, хөрөнгийн зах зээлийн шокийг давж чаддаг байх ёстой. Зөвхөн ипотекийн зээл гэж ярьвал үнэт цаасжуулах ажлыг хурдасгах, хөнгөвчлөх нь орон сууцны санхүүжилтийг тэлэх боломжийг нэмэгдүүлэх хамгийн зөв шийдэл болно.
Дээр дурдсан шалгуур, эрсдэлийн хувьд Ерөнхий сайдын хэлсэн шиг зөвхөн хөрөнгө оруулалтаар, аливаа нэг сангийн хөрөнгийг шууд татан авснаар шийдэгдэх зүйл биш гэдэг нь тодорч буй.
“Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах ажлуудыг Засгийн газар эхлүүлжээ” гэсэн сүржин гарчигтай мэдээлэл товчхондоо уг санд багтдаг Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санг хувь улстөрчийнхөө карьерт ашиглах хэрэгсэл болгох тухай л асуудал. Ирээдүйн өв сан нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдсэн орлогын 65 хувиар санхүүждэг. Ирээдүй өв санд өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 1.3 тэрбум ам.доллар буюу гурван их наяд төгрөг хуримтлагдсан гэх. Энэ мөнгийг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулж, мөнгөө өсгөхөөс гадна Улаанбаатарын гэр хорооллыг 50 хувиар бууруулна гэж үзэж байгаа аж. Манай улс Ирээдүй өв сангийн хөрөнгийг гаднын банкинд гурван хувийн хүүтэй хадгалуулдаг нь үр өгөөж багатай төдийгүй өөрсдөө үр ашгийг нь хүртэж чадахгүй байна гэх мессэжийг хэдэн сарын өмнөөс системтэйгээр өгсөн. Үнэндээ хамгийн бага тоногдсон нь, иргэдэд ирээдүйн итгэл төрүүлэх үнэ цэнтэй ганц сан билээ.
2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталж, тус сангийн хөрөнгө оруулалтын орлогын 10 хувийг улсын төсөвт шилжүүлэн ашиглах хугацааг 2030 он байхаар зааж өгсөн ч 2022 онд уг хуульдаа өөрчлөлт оруулан хүүхдийн мөнгийг сангийн хөрөнгөөс зарцуулсан бол 2023 онд ногдох орлогыг нь тэглэж байгаад төсөвтөө авсан. Эрх баригчид амлалтыг зөрчих гэж л өгдөг гэдгийг харуулж буйн тод жишээ үүгээр дуусахгүй нь бололтой.
Өөрсдөө зээл авахдаа бараг 6 хувийн хүүтэй зээл авч байгаа хэрнээ гаднын банкинд ирээдүйн өв сангийн хөрөнгөө гуравхан хувийн хүүтэй хадгалуулж байна. Тийм учраас сангийн хөрөнгийн тодорхой хувийг орон сууцны зээлийн эх үүсвэрт зарцуулж гацаад байгаа ипотекийн зээлээ хөдөлгөж, иргэдээ орон сууцтай болгоно гэх суртал ухуулга явуулж буй. Нэмээд “Арилжааны банкны ашгийн 53 хувийг ипотекийн зээл бүрдүүлдэг бөгөөд эргэн төлөлт 99.5 хувьтай маш чанартай зээл байдаг учраас Ирээдүй өв сангийн хөрөнгө эрсдэлд орохгүй” хэмээн дарин дээр давс нэмж иргэдийнхээ зовлон дээр дөрөөлж байна.
Үнэндээ ипотекийн зээл эдийн засгийг хий хөөсрүүлсэн сөрөг нөлөө ихтэй зээл гэдгийг эдийн засагчид анхааруулдаг. Ипотекийн зээлээр ингэж улс төр хийсний горыг татвар төлөгчид л үүрдэг.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Өнөөдрийг хүртэл 10 их наяд төгрөгөөр 140 мянган өрх ипотекийн зээлээр орон сууцтай болсон. Урьдчилсан судалгаагаар 140 мянган өрхөөс анх удаа орон сууц авч буй нь 30 мянга юм билээ. Цаана нь 110 мянга нь анх удаа орон сууц авч байгаа, гэр хорооллоос шилжсэн иргэд биш. Орон сууцтай байсан, томруулсан, 2-3 дахь орон сууцаа авсан иргэд гэсэн үг. Энэ тоог бид нягтлах ёстой. Хамгийн сүүлд авсан миний мэдээллээр Монголын ипотекийн корпорацын зүгээс хоёр ба түүнээс дээш орон сууц авсан иргэдийн тоо 3200-д хүрсэн гэсэн.
Ипотекийн зээл эзнээ олдоггүйг гэрчлэх энэ мэт олон тоон баримт бий. Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн ихэнх нь орон сууцныхаа хэмжээг томруулсан, гэр хорооллоос орон сууцанд шилжин орсон зээлдэгчдийн тоо цөөн, тансаг зэрэглэлийн хорооллоос байр худалдан авсан гэхчлэн дурдвал олон жишээ бий. Ипотекийн зээлд хамрагдахын тулд өгдөг хахуулийн хэмжээ 10-20 сая төгрөг болсон гэх мэт.
Ипотекийн зээлийн шалгуурт төр оролцсоноос үүдэн үл хөдлөхийн үнийн хөөсрөлт бий болсон гэхчлэн тоочвол сөргөөр нөлөөлсөн улс төрийн шийдвэр олон бий. Ерөнхий сайд үнэхээр иргэдийнхээ амьдралыг дэмжиж, амьжиргааг дээшлүүлье гэвэл ирээдүйгээс нь “хулгайлахын” оронд эдийн засгаа нэмэх боломжийг эрэлхийлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, эдийн засгийг хөгжүүлэх бодлогодоо илүү анхаарах ёстой.
Ирээдүйн өв сан ч бай ер ямар ч нэртэй сангаас авч ипотект оруулсан хөрөнгө эрэлтээ бүрэн хангаж чадахгүй. Үнэндээ тэр сангаас хэдэн төгрөг татаж, хэдээр нь энэ зээлийг санхүүжүүлж, түүнд нь яг зорилтот бүлэг хамрагдаж чадах уу гэдгийг хянах тогтолцоо манайд байхгүй. Хариуцлага алдсан нь илэрсэн ч хэн ч хариуцлага хүлээхгүй.
Тоногдсон ч торойгоод үлдсэн ганц сандаа иргэдийн нэр барин хуруугаа дүрэх нь үнэгэн заль байвал...