
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Нөмрөгийн дархан цаазат газарт 3.3 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэв
Хиймэл дагуулын мэдээллээр 484,383.7 га талбай түймэрт өртсөний 431,592.8 га (89.1%) нь Нөмрөгийн дархан цаазат газрынх, 52,790.9 га (10.9%) нь орчны бүсийн талбай байна.
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр нь экосистемийн ихэнх хэсгийг хамарч, ой, ойт хээр, хээр, нуга болон голын татмын экосистемд өргөн хүрээний нөлөө үзүүлсэн. Хэдийгээр тал, хээрийн ихэнх хэсэгт байгалийн нөхөн сэргэлт явагдах боломж хадгалагдан үлдсэн боловч шатсан талбай, ойн экосистем, голын татмын эмзэг орчинд урт хугацааны сөрөг нөлөөлөл үргэлжлэх эрсдэл өндөр байна.
Түймрийн улмаас ургамлан бүрхэвч, хөрсний хамгаалах үе, амьтдын амьдрах орчны чанар, идэш тэжээлийн нөөц буурч, ус, хөрсний доройтол нэмэгдэж байна. Иймд байгалийн нөхөн сэргэлтийг дэмжих, өндөр эрсдэлтэй болон эмзэг бүсүүдэд хамгаалал, хяналт-шинжилгээ, экосистемийн нөхөн сэргээлт, байгалийн нөөцийн хамгаалал, урт хугацааны мониторингийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэв.
Байгаль орчинд учирсан нийт хохирол 1.2 их наяд төгрөг болсон. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцох зохицуулалтын дагуу Нөмрөгийн дархан цаазат газрын хэмжээнд хохирлын үнэлгээ 3.3 их наяд төгрөгт хүрч байгааг үнэлгээнд дурджээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир түймрийг унтраахад 346.6 сая төгрөг зарцуулсан бөгөөд цаашид хууль хяналтын байгууллагууд ажлаа хийж хэргийн эзэн холбогдогчийг тодорхой болгож хохирлыг нөхөн төлүүлнэ гэв.
ОХУ-ын дайнд оролцсон нэг монгол иргэн нас барж, нэг иргэн олзлогджээ
"ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу манай улсын иргэд тус улс руу явж цэрэг, дайны ажиллагаанд оролцож байна гэх мэдээлэл цацагдсан. Уг асуудалд ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
Энэ оны есдүгээр сараас цахим орчинд "ОХУ-ын зэвсэгт хүчинд нэгдээрэй, 61-108 сая төгрөгийн цалинтай" гэсэн зар цацагдаж эхэлсэн. Гурван иргэнийг ОХУ-д зорчих зорилготой улсын хилээр гарах гэж байхад нь саатуулж, дээрх үйлдлээс татгалзуулсан бол ОХУ-ын Эрхүү хотод шууд хүрэх нислэгээр Монгол Улсын хилээр гарсан нэг хүнийг эргүүлэн авчрахаар ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагаас ийм төрлийн цахим хаяг есийг илрүүлж, холбогдох газарт хүсэлт хүргүүлэн устгуулсан. Цаашид илрэх хаягуудыг тухай бүр устгуулан ажиллах болно гэлээ.
ГХЯ-наас энэ талаар "ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаанд татагдан, хохирогч болсон найман иргэнийг олж, илрүүлэн эх оронд нь авчраад байна. Нэг иргэнээ ОХУ-аас нутаг буцаах ажиллагааг зохион байгуулж байна. Цаана нь зургаан иргэн байгаа гэх мэдээлэл байна. Энэ тоо цаашид нэмэгдэх магадлалтай. Нэг иргэн сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж явсан учир нутаг буцах шаардлагагүй гэсэн. Мөн нэг иргэн сайн дураараа яваад, Украины талд олзлогдсон гэх мэдээлэл байна. Мөн нас барсан нэг иргэний ар гэрийнхэнтэй уулзаж, ОХУ-ын талаас нөхөн олговрыг нь олгуулсан" гэв.
УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт лхагва гарагт Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нартай уулзаж, Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтыг зохион байгууллаа.
Зөвлөлийн анхны уулзалтаар:
1. Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэлх хугацаанд улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөнт байдал үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах;
2. Улс орон, иргэдийн өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хууль тогтоомжийн төслүүдийг 2026 ондоо багтаан УИХ- ын чуулганаар хэлэлцэн батлах;
3. УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөн үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцөж шийдвэрлэх;
4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим, цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг тохирч ажиллахад санал нэгдэж, хамтран ажиллахаар болов.
Хортой химийн бодис агуулсан барьцалдуулагчийг хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргийг шалгаж эхэллээ
Хүний биед хортой бодис агуулсан барьцалдуулагчийг БНХАУ-ын компаниас 3.5 тэрбум төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, 1 тэрбум төгрөгийн давуу байдал үүсгэсэн нь тогтоогдсон “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэнг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. С.Даваасүрэн нь өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулаад БНХАУ-ын аж ахуй нэгжтэй үгсэж, 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр ТТТ-2026-941 дугаартай гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр 1000 тонн түлш барьцалдуулагчийг нийт 3.5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. Гэвч худалдан авахаар төлөвлөсөн бүтээгдэхүүн нь техникийн шаардлага хангаагүйгээс гадна хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй химийн бодисыг зөвшөөрөгдөх хэмжээнээс гурав дахин их агуулсан байсныг Гаалийн байгууллагын шалгалтаар тогтоосон юм.
АТГ-аас түүнийг албан үүргээс нь түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал хүргүүлсэний дагуу шүүхээс хилийн хориг тавилаа.
ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо
Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Баттөмөрийн Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо.
“Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого зорилтоо бодитой хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, сахилга хариуцлагыг батжуулан бэхжүүлэх нь онц чухал. Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй, шуурхай байж, яам, агентлагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хууль тогтоомж, бодлогын шийдвэрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж сайжруулах, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал, төрийн бүтээмж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар манлайлан ажиллах үүрэгтэйг Ерөнхий сайд онцолж хэллээ.