
Маргааш буюу зургаадугаар сарын 12-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Нөөлөг салхи гэж юу вэ?
Нөөлөг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нөөлөг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с-ээс их болох, 20-30 м/с-д хүрэх нь цөөнгүй. 40 м/с секундээс ч давсан тохиолдол бүртгэгдэж байжээ.
Хэрхэн үүсдэг вэ?
Нөөлөг салхи нь агаарын өгсөх урсгал буюу аянга цахилгаант аадрын үүл түүнээс үүдэлтэй цаг агаарын аюултай үзэгдэлтэй шууд холбоотойгоор үүсдэг аж.
Агаар дээшлэн өтгөрөх тусам хөнгөн болж салхины хурдыг цаашид нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгодог. Аадрын үүлний урд зах дахь энэхүү хурдтайгаар өгсөх урсгал нь ард тал дахь уруудаж буй урсгалаас тусгаарлагддаг. Хүчтэй уруудах урсгал нь газрын гадаргад тулаад аадрын үүлний өмнөд хэсэгт салхины хүч нэмэгдэж эргэлэг үүсдэг.