
Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмыг тавдугаар сарын 10-нд зохион байгуулна.
Тус наадмын талаар Завхан аймгийн нутгийн зөвлөл болон хамтран зохион байгуулагчид Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдээллийг хүргэсэн юм.
Наадамд оролцох найрагчдын бүтээлийг 2026 оны тавдугаар сарын 3-ны өдрийг хүртэл Завхан аймгийн нутгийн зөвлөлийн цахим хаягаар хүлээн авах аж. Тавдугаар сарын 10-нд “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмыг Улаанбаатар театрт албан ёсоор зохион байгуулах бөгөөд бичгийн шатанд шалгарсан 21 уран бүтээлч тайзнаа шүлгээ уншина.
Яруу найргийн наадмыг зохион байгуулагчид хэлэхдээ “Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс 2026 онд нутгийнхаа түүх соёл, өв уламжлал, алдартан цуутнуудын үйл хэргийг сурталчлан таниулах чиглэлээр санаачилсан томоохон чухал ажлуудын нэг. Нэрт яруу найрагч Б.Явуухулангийн уран бүтээлийг алдаршуулж, өвлүүлэх, утга зохиолын хөгжлийг дэмжих, шилдэг яруу найрагчийг тодруулах, яруу найргийн шинэ өнгө төрхийг нээн илрүүлэх, аялгуут сайхан эх хэлээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг хүүхэд залууст таниулах зорилгоор “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна” гэлээ.