
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Хурлаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дагалдах 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцжээ. Улмаар эхний төслийг нь дэмжихээс татгалзан хойшлуулж, Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
О.Амгаланбаатар нарын арван гишүүний санаачилсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн агентлагуудын салбарын удирдлагыг орон нутгийн удирдлага томилох эрх зүйн зохицуулалт бий болгохоор тусгасан байна. Гэвч, бүлгийн гишүүд энэхүү өөрчлөлт нь төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах үндсэн зарчимтай зөрчилдөх эрсдэлтэй гэж үзжээ. Тиймээс УИХ-ын Тамгын газрын холбогдох нэгжээс хууль эрх зүйн дүгнэлт, зөвлөмж гаргуулсны дараа дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн төслийнхөө талаар мэдээлэл өгөхдөө "Олон улсын зарчим бол оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэсэн зарчим баримталдаг. Тиймээс хүүхдүүдээ хөгжүүлэх үйл ажиллагаанд төр, эцэг эх, орон нутаг бүх талаар оролцож ажиллая гэдэг зорилт дэвшүүлсэн" гэлээ.