
УДЭТ-ын урдах сурталчилгааны самбарыг хариуцагч НЗДТГ-ыг шүүхэд өгчээ
2025 оны есдүгээр сарын 23-нд НЗДТГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/274 дүгээр тушаалаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамж, Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ)-ын дэргэд гадна зар сурталчилгааны “Тулгуурт байгууламж”-ийн буюу зар сурталчилгааны самбар байрлуулах зөвшөөрлийг олгожээ. Гэвч тус зөвшөөрөл нь 2024 онд өмнө хүчингүй болсон тогтоол дээр үндэслэсэн, гадна зар сурталчилгааны байгууламж байгуулахыг хориглосон газар, зам, талбайн тогтоолыг үл харгалзан олгосон нь тогтоогдсон юм. Иймээс иргэн Б.Маргад-Эрдэнэ хууль бусаар баригдсан самбарыг буулгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Улмаар Зөвшөөрлийн тухай хуульд заасан энгийн зөвшөөрлийг олгохдоо нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор хориглосон байршилд олгосон, "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм", "Цахилгаан техникийн угсралтын дүрэм" болон Барилгын норм, нормативыг баримталсан эсэх нь тодорхойгүй, зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүрэг хэрэгжээгүй, гэрээ цуцлах зэрэг нөхцөл байдал үүссэн тул зөвшөөрөл олгосон шийдвэрийг нягтлах, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авахыг Авлигатай тэмцэх газраас мэдэгдэж, анхааруулаад байсан юм.
АТГ зүгээс 2026 тавдугаар сарын 20-нд өдрийн 07/7898 дугаар албан бичгийн дагуу тус тусгай зөвшөөрлийн хүчингүй болгох шийдвэр гаргасан. АТГ-ын дээрх шийдвэр болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн НЗДТГ-аас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тушаалыг 2026 оны тавдугаар сарын 29-нд гаргасан.


Гэвч буулгах хугацаа нь хэдийнээ хэтэрч одоог хүртэл тус самбар байрандаа байсаар…
Аялал жуулчлалын оргил үе болон олон улсын томоохон хурал болж хэдэн зуун гадаадын иргэд манай улсын зорин ирж буй зуны улиралд Монгол архитектурын ховор бүтээл соёлын өвийг хаасан хууль бусаар баригдсан байгууламжийг буулгах шийдвэр гарсан ч хэрэгжихгүй байгааг иргэд шүүмжилж байна.
Бид уг самбарыг буулгах шийдвэрийг хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагаас тодрууллаа.
Нийслэлийн Хот тохижилтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхцоож “Сурталчилгааны самбарыг хариуцагч байгууллагад шаардлага хүргүүлсэн. Харин тус байгууллагын зүгээс НЗДТГ-ыг санхүүгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн гэж бидэнд мэдэгдсэн. Гэвч одоог хүртэл шүүхээс НЗДТГ-ыг хариуцагчаар татсан гэх мэдэгдэл ирээгүй” гэх тайлбар өгсөн юм. Тиймээс шүүхийн нэхэмжлэл үүссэн гэх шалтгаанаар тус самбарыг хэзээ буулгах нь тодорхойгүй болжээ.