
Уур амьсгал дулаарч, хүрээлэн буй орчны зүй тогтол алдагдахын хэрээр өвлийн спорт байгалийн тэмцээн байхаа больсон нь энэ удаагийн цагаан олимпын үеэр дахин нотлогдлоо.
Милан-Кортина 2026 наадмын цана, сноубордын тэмцээний талбарыг бэлтгэхийн тулд Доломито ууланд 50 000 шоо метр хиймэл цас шахсан тухай олимп зохион байгуулагчид мэдээлсэн юм. Далайн түвшнээс 1816 метр өндөр Доломито нурууны бэлд орших Кортина д’Ампеццо хотод уг нь өвлийн улиралд цас будан ихтэй. Гэсэн хэдий ч тэмцээний туршид аюулгүй өрсөлдөх өндөр чанартай мөсөн гадаргууг бүрдүүлэх үүднээс нийт цасны 85 хувийг хиймлээр бүтээх зохион байгуулагчдын төлөвлөгөө тамирчин, дасгалжуулагчдад төдийлөн таатай санагдсангүй. Хиймэл цасаар хучсан өрсөлдөөн өвлийн спортыг урьдчилан таамаглах аргагүй болгож, тамирчид гэмтэж бэртэхээс гадна бэлтгэл сургуулилалтад илүү зардал гаргахад хүргэж байгаа аж.
Нью-Йорк мужийн Лейк Пласид хотноо болсон өвлийн олимпод хиймэл цасыг анх ашигласнаас хойш бараг 50 жил өнгөрчээ. Сүүлийн арван жилд дэлхий даяар уулын цас хомсдож, цасны улирал богиноссоор байгаа тул спортын тэмцээн зохион байгуулагчид технологид найдлага тавих нь улам бүр нэмэгдсээр 2022 оны Бээжингийн олимп хиймэл цаснаас бүрэн хамааралтай анхны наадам болсон юм.
“Ванкувер 2010” наадмын өмнө огцом дулаарч, цас хайлснаас уулын бүс рүү нисдэг тэргээр цас зөөхөд хүргэсэн. Улмаар байгалийн цас хиймэл цастай холилдон гадаргууг жигд бус болгосноос уулын цаначдын амжилт буурсан үзүүлэлттэй.
“Сочи 2014” олимпын үеэр нөхцөл байдал бүр ч дорджээ. Олимп бүхэлдээ дулаан, чийглэг уур амьсгалтай бүсэд болох тул зохион байгуулагчид хиймэл цас үйлдвэрлэн хадгалж байжээ. Гэтэл температурын хэлбэлзлээс болж гадаргуу заримдаа мөстөж, ихэнх тохиолдолд зөөлөрч зайрмагтсанаас тамирчид олноороо гэмтжээ. Хатуу гадаргуу дээр хурд нэмэгддэг ч унавал гэмтэл илүү чанга тусдаг.
“Пёнчан 2018” замын ихэнх хэсэг хиймэл цастай нь дээр хүйтэн, хуурай цаг агаар гадаргууг хэт хатуу болгосон. Мөн хүчтэй салхины улмаас цанын харайлт, уулын цанын уралдаан хэд хоногоор саатжээ.
“Бээжин 2022” байгалийн хур тунадас маш бага бүсэд зохион байгуулагдсан тул хиймэл цаснаас бүрэн хамааралтай байв. Уралдааны замууд маш нягт, хатуу цастай бараг “мөсөнд ойр” бүтэцтэй байсан тухай олон тамирчин гомдол мэдүүлжээ. Тэд энэ олимпын гадаргууг “урьд өмнөхөөс илүү хурдан, гэхдээ өршөөлгүй” гэж тодорхойлсон юм.
Энэ жилийн өвлийн олимпын үеэр хиймэл цас хийхэд ойролцоогоор 27 000 шоо метр ус ашигласан нь 11 усан сантай тэнцэхүйц хэмжээ юм.
Цас шахагч машинуудыг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулсан ч хиймэл цас хайлахдаа ургамлын ургалтад нөлөөлж болзошгүйг байгаль орчны идэвхтнүүд анхааруулж буй. Харин ОУОХ энэ жилийн олимпын наадмын үеэр цасанд ямар ч химийн бодис нэмэхгүй тул экологийн нөлөө багатай гэж тайлбарлалаа.
Их Британийн Лафборо их сургуулиас гаргасан судалгаанд дурдсанаар, байгалийн хураас илүү хатуу, нягт байдаг тул хиймэл цасан дээр өрсөлдөхөд тамирчид гэмтэл авах магадлал өндөр. “Энэ бол явган хүний зам дээр унах, зүлгэн дээр унах хоёр ялгаатай байдагтай л адил” гэж судлагааг зохиогчдын нэг, спортын экологийн дэд профессор Мадлен Орр хэлэв.
Тэгвэл хиймэл цас ашиглах тал дээр тамирчид харилцан адилгүй бодолтой байна. “Солт Лейк 2002” өвлийн олимпод оролцсон Шотландын цаначин Лаура Дональдсон тамирчдын бэртэл гэмтлийн тэргүүлэх шалтгаанаар хиймэл цасыг нэрлэв. Харин Их Британийн паралимпын тамирчин Менна Фицпатрик хиймэл цас ашиглах нь мэдэгдэхүйц өөрчлөлт гэж үздэггүй. “Тамирчид бүх төрлийн орчинд бэлтгэл хийж, уралдаж дассан тул хиймэл цас үүний нэг хэсэг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Цаашлаад гэмтэл бэртэл ч спортын нэг хэсэг тул эрсдэлийг бууруулахын тулд шаргуу дасгал сургуулилалт хэрэгтэй” хэмээн Фицпатрик өгүүллээ.


Цаг агаарын хэт хэлбэлзлээс бэлтгэлийн улирал богиноссон тул цас мөс хайж илүү хол аялахад хүрсэн нь хиймэл цаснаас илүүтэй санхүүгийн дарамт болдогийг олон тамирчин өгүүлж буй.
Канадын цаначин Филипп Маркис эдгээр өөрчлөлтийг тамирчин болон дасгалжуулагчийн хувиар биеэр мэдэрсэн нэгэн. 2014 онд ОХУ, 2018 онд БНСУ-д болсон олимпын эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж одоо Канадын шигшээг дасгалжуулж байгаа Маркис замналыхаа туршид цаг агаарын эрс өөрчлөлтийг мэдэрсэн гэв. Нэг жил их хэмжээний цас орж, дараа жил нь бороо шиврэх энүүхэнд. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цасан бүрхүүл багассаны улмаас Канадын баг Уистлер Блэккомбд бэлтгэл хийж чадаагүй аж. Эх орондоо хийж болох нэг сар хагасын бэлтгэлээ алдсаны дараа Канадын баг өнгөрсөн зун Өмнөд Америкийн уулсыг зорьжээ. Дэлхий даяар байгалийн жамаар тогтмол цас ордог газрууд улам бүр цөөрч байгаа нь тамирчдад энэ мэтчилэн санхүүгийн дарамт үзүүлэх боллоо. Цаашлаад өвлийн сэрүүн тунгалаг агаарт тэшүүрээр гулгаж, цанаар уруудах өдрүүд цөөрвөл спортын өрсөлдөөн ч хумигдана. Өвлийн спортоор хичээллэх орчин нөхцөл хумигдаж буйтай зэрэгцээд цасны спортын санхүүжилт асуудал дагуулж эхэллээ.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн удаах нөлөө нь өвлийн олимп, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой газруудын тоо хурдацтай буурч байгаа явдал юм. 1924 оноос хойш өвлийн олимп зохион байгуулахад ашиглагдаж байсан 21 цэнгэлдэх хүрээлэнгээс одоо ердөө 10 нь л байгалийн цасны түвшингээрээ уралдаан зохион байгуулах шаардлагыг хангана. Дээр нь хиймэл цасгүйгээр өвлийн олимп зохион байгуулах боломжтой газар дэлхий дээр ердөө дөрөв л үлджээ. Эдгээр нь Японы Нисеко, Оросын Терскол, Францын Валь д’Изер, Куршевель юм.
ОУОХ-ноос хойшид олимп зохион байгуулах боломжтой 93 байршлын цаг уурын нөхцөл байдлыг саяхан шинжлүүлсэн. Канадын Ватерлоогийн их сургуулийн судлаачид энэ төсөл дээр ажиллахдаа хэрэв эдгээр улс орнууд одоогийн уур амьсгалын бодлогоо үргэлжлүүлбэл зөвхөн 52 нь олимп зохион байгуулах боломжтой гэж үзжээ. Өөр нэг хувилбар яригдаж буй нь цөөн тооны газруудад наадмыг ээлжлэн зохион байгуулах аж.
Нэг л зүйл тодорхой харагдаж байна. Өвлийн наадмыг өнө удаан жил уламжлан авч үлдэхийн тулд хойшид олимпод хиймэл цас ашиглах нь стандарт болох нь.
Гэхдээ амжилтыг ганц цасан гадаргуу шийдэхгүй. Дасан зохицох чадвар, багийн шинжлэх ухаанч дэмжлэг, тоног төхөөрөмжийн нарийвчлал тамирчдын медалийн өнгийг тодорхойлно.
Цас өөрчлөгдсөн ч өрсөлдөөн хэвээр.