
Оскарын таван удаагийн шагналт, найруулагч Фред Зиннеманн энэ өдөр төржээ. Тэр бол хүний ёс суртахууны сонголт, дотоод зөрчлийг дэлгэцийн урлагт нарийн дүрсэлдгээрээ алдартай, Холливудын сонгодог найруулагчдын нэг. Бодит мэдрэмж, сэтгэл зүйн гүнзгий өгүүлэмжтэй бүтээлүүдээрээ кино урлагт өөрийн гэсэн тод ул мөрийг дархалжээ.
HIGH NOON
Уг бол шударга ёсны төлөө цор ганцаар зогсох эр зоригтний дууль. Хотын шериф дайснуудтайгаа нүүр тулахын өмнө орхигдож, ганцаардаж буйгаа сэрдэг. Тэр бусдын айдас, хариуцлагаас зугтах занг сөрж өөрийн үүргийг шудрагаар биелүүлэх сонголт хийдэг. Энэ нь зөвхөн барууны кинонд хөндөх сэдэв бус харин ёс суртахууны сорилтын талаар өгүүлсэн дэлгэцийн урлаг байлаа.
Тиймдээ ч киноны цаг хугацаа бодит хугацаатай зэрэгцэн өрнөдөг нь хурцадмал байдлыг улам нэмэгдүүлдэг. Гол дүрийн дотоод тэмцэл гадаад үйл явдлаас илүү чухал байр суурь эзэлнэ. Нийгэм хүнийг орхих үед хувь хүн өөртэйгээ хэрхэн нүүр тулахыг энэ бүтээл харуулна.
FROM HERE TO ETERNITY
Дайны өмнөх цэргийн баазын амьдралыг харуулсан энэ кино нь хайр, хүчирхийлэл, эрх мэдлийн тухай өгүүлдэг. Гол дүрүүдийн хувь заяа нэгэн орчинд огтлолцсоноор зөрчил үүснэ. Хүний нэр төр, хүсэл мөрөөдөл хоёрын хооронд үүссэн ан цав киноны гол сэдэв болдог. Дайн эхлэхээс өмнөх нам гүм байдал дотоод сэтгэлийн шуургыг улам тодруулна.
Кино нь романтик шугамтай ч, бодит байдлыг натурализмын түвшинд дүрсэлснээрээ онцлогтой. Дүр бүр өөрийн дотоод тэмцэл, алдаа оноотой хувь хүний замналыг илэрхийлнэ. 1953 онд бүтээсэн тус кино Зиннеманнд шилдэг найруулагчийн төрөлд анхны оскарын шагналыг авчирсан билээ.
THE NUN'S STORY
Энэхүү кино нь шашны амьдрал сонгосон эмэгтэйн дотоод тэмцлийг өгүүлдэг. Итгэл үнэмшил чухал уу, эсвээс хүсэл тэмүүлэл ялан дийлдэг үү? Мэдээж шашны сахилга бат болон хүний мөн чанар хоёрын дунд гол дүр өөр лүүгээ өнгийхийг санаархаж, тэмтчинэ. Дүрийн дотоод тэмцэл нь алгуурхан сэрэх шугамтай агаад романтик байдлаар илэрдэг.
Зиннеманн энэ бүтээлд дуу чимээ, хөдөлгөөнийг хүртэл хязгаарласнаар дүрийн сэтгэл зүйд гойд толилуулжээ. Кино нь үйл явдал багатай ч хувь хүний дотоод дахь тэмцэл, тэнд болж буй адал үйлээр баялаг.
A MAN FOR ALL SEASONS
Английн төрийн зүтгэлтэн Томас Морын тухай энэ кино ёс суртахууны хатуу байр суурийг үзэгчдэд харуулна. Тэр хааны хүсэлд бууж өгөхөөс татгалзаж, өөрийн итгэл үнэмшлийг хамгаалдаг. Үнэнч байх уу, амьд үлдэх үү гэсэн сонголт өмнө очиж зогсоно. Энэ нь хүний үнэт зүйлсийн шалгуур болж хувирна.
Кино нь үг яриа, диалогоороо хүчтэй нөлөөлдөг. Морын дүр тайван хэрнээ тууштай байдлаараа онцгой. Нийгмийн дарамт хувь хүний үнэт зүйлсийг хэрхэн сорьдгийг тод харуулна. Тэгээд энэ бол эрх мэдлийн талаар өгүүлэх бус зарчмын асуудлыг гол агуулгаараа хөндсөн бүтээл.
THE DAY OF THE JACKAL
Улс төрийн аллагын оролдлогыг маш бодитой, хүйтэн өнгөөр өгүүлсэн бүтээл тус киноноос өмнө төдийлөн үгүй байв. Эл киноноос санаа авсан олон олон бүтээл хойшид шил дараалан дэлгэцнээ амилсан юм. Нэгэн нууцлаг алуурчин Францын ерөнхийлөгчийг устгахаар төлөвлөнө. Түүний төлөвлөгөө нарийн, системтэй, бараг алдаа үгүй мэт харагдана. Харин үүний эсрэг төрийн байгууллагууд зогсдог.
Зиннеманн уг бүтээлд сэтгэл зүйн дарамтыг удаан, тэвчээртэйгээр бүтээжээ. Үйл явдал гэнэтийн огцом эргэлтгүй ч хурцадмал нөхцөл тасралтгүй хөвөрнө. Алуурчны төлөвлөгөөнөөс харахад тэр огтоос сэтгэлгүй мэт жигшил төрүүлнэ. Уг бүтээл триллер жанрыг шинэ түвшинд гаргасан хэмээн үнэлэгддэг.