
Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг East Asia Super League буюу Зүүн Азийн супер лигийн “С” хэсгийн сүүлийн тоглолт өнөөдөр Улаанбаатарт болно. Монголын лигийн есөн удаагийн аварга “Хасын хүлэгүүд” баг Японы алдарт “Тоёота” корпорацын ивээн тэтгэдэг “Алварк Токио” багтай өөрийн талбайдаа тоглоно. Хэрвээ манай залуус хожиж байж хасагдах шатанд өрсөлдөх эрхийг авах юм.
Хоёр баг улирлын анхны тоглолтоо Токио хотод хийхэд “Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө талбай дээр нь 84:69-өөр хожсон юм. Тэгвэл хэсгийн сүүлчийн тоглолтод дахин учраа таарлаа.
“С” хэсгийг “Алварк Токио” дөрвөн хожил, нэг хожигдолтой тэргүүлж байгаа бол “Хасын хүлэгүүд” гурван хожил, хоёр хожигдолтой удаалж байна. Харин тэдний араас Тайваны “Нью Тайпэй Кингс” баг бичигдсэн. Өнөөдрийн тоглолтод “Хасын хүлэгүүд” хожиж байж цааш хасагдах шатанд өрсөлдөх эрхийг авах юм.
“А” хэсгээс Солонгосын “Сөүл Найтс, “В” хэсгээс Тайванийн “Таоюан Пайлотс” багууд шалгарсан.
Өнөөдрийн “Хасын хүлэгүүд” болон “Алварк Токио” багуудын тоглолт 19:00 цагаас М банк арена-д болно.