
Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн чансааны оноо олгох залуучуудын ангиллын гранпри тэмцээнийг анх удаа Тажикстаны Душанбе хотод зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. 19 орны 227 залуу жүдочид өрсөлдсөн тус тэмцээнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан Б.Бат-Энэрэл мөнгөн медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Т.Отгонжаргал, Б.Түмэнжаргал, 52 кг-д Г.Бямбасүрэн нар хүрэл медалийн төлөө барилдсан юм.
Багийн дүнгээр “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын удирдлагад оролцсон манай баг нэг мөнгө, гурван тавдугаар байр, нэг долоодугаар байрыг эзэлсэн амжилтаар 10-р байрыг эзэллээ. Тэмцээнийг ОХУ-ын баг найман алт, гурван мөнгө, найман хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Казахстаны баг хоёр алтан медальтайгаар удаалжээ. Анхдугаар тэмцээнийг зохион байгуулагч Тажикстаны баг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар гуравт жагссан бол Беларус, Польш, Египетийн баг нэг аваргатай буцсан байна. 12 орон медаль хүртсэнээс Тунис нэг мөнгө, Кыргизстан нэг хүрэл медальтайгаар жагсаалтад багтжээ.
