
Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Бага хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт МАН-ын дарга Н.Учралыг бага хурлын гишүүдийн 99.7 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн процесс цаашдаа Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн дагуу шийдэгдэнэ. УИХ-ын дарга Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа учраас эхлээд Их хурлын даргаас чөлөөлөгдөх ёстой. Үүний дараа Ерөнхий сайдаар томилогдох процесс явагдана.
Хоёрт нь УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлд чиглэл өгөх тухай тогтоол баталлаа. Ойрх Дорнодод үүсээд байгаа, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг даван туулах чиглэлээр УИХ дахь МАН-ын бүлэг, Монгол улсын төр, засгийн байгууллагууд энэ хүндрэлийг ард иргэдэд хохирол багатай даван туулах чиглэлээр цогц хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэл өгсөн.
Мөн бүлгийн гишүүдэд намын дотоод эв нэгдлийг сахиж, үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулах, намын даргын тэргүүлж байгаа Засгийн газрын бодлого үйл ажиллагааг дэмжиж, ажиллахыг үүрэг болгосон тогтоол баталлаа.
Үндсэн хуулиар Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх нь Ерөнхий сайдад олгогдсон бүрэн эрхийн асуудал. Шинэ Ерөнхий сайд батлагдсаны дараа өөрийнхөө бодол саналыг илэрхийлэх байх. Сайд нарын томилгоог намын Бага хурал бус Удирдах зөвлөлөөр хэлэлцдэг. МАН-ын Бага хурлын гишүүдийн зүгээс Ардчилсан намыг хамтарсан Засгийн газарт оруулахгүй гэх санал гаргасан" гэв.