
Нью-Йорк хотын "The Metropolitan Museum of Art"-д ХХ зууны Америкийн абстракт, экспрессионизмын томоохон төлөөлөгчид болох Жексон Поллок болон Ли Краснерийн уран бүтээлийг хамтатгасан “Krasner and Pollock: Past Continuous” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд 120 гаруй бүтээл багтжээ. Энэ нь Поллок, Краснерийн аль нэгэнд зориулсан Нью-Йорк дахь 20 гаруй жилийн дараах анхны томоохон үзэсгэлэн төдийгүй "Met" музейд тэдний бүтээлийг анх удаа хамтатган толилуулж буйгаараа онцлог юм. Үзэсгэлэнгийн гол санаа нь алдарт хосын хувийн амьдралыг өгүүлэх бус, тэдний уран бүтээл бие биедээ хэрхэн нөлөөлж Америкийн абстракт экспрессионизмыг шинэ түвшинд хүргэсэн үйл явцыг харуулахад оршиж байна.
Ялангуяа Поллокын алдарт “drip painting” буюу будгийг дусааж, асгаж, цацаж бүтээдэг арга барил болон Краснерийн өнгө, хэлбэр, коллажийн тасралтгүй эрэл хайгуулыг зэрэгцүүлэн харах боломжийг үзэгчдэд олгожээ.