
Хиймэл оюун ухаан (AI)-ийн талаар дэлхий даяар өрнөж буй маргаан дунд Кембрижийн толь бичиг 2026 оны онцлох үгээр “human” (хүн) гэдэг үгийг нэрлэжээ.
Лхагва гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ Кембрижийн толь бичиг “human” гэдэг үгийг “бурхан, амьтан, машинаас ялгаатай нь хүмүүст байдаг чанар, алдаа дутагдал, мэдрэмжийг агуулсан” гэж тодорхойлсон байна.
Сонголтоо тайлбарлахдаа тус толь бичиг энэ жилийг “хиймэл оюун ухаан хүн болон машины хоорондох заагийг бүдгэрүүлж буй үед хүн байх гэдэг нь юу гэсэн үг болох талаар дэлхий нийтийн маргаанаар тодорхойлогдсон” гэж үзжээ.
Тэд хиймэл оюун ухааны салбарын анхдагч, Нобелийн шагналт Жеффри Хинтон зэрэг сэтгэгчдийн олон нийтийн байр суурийг эш татсан байна. Хинтон “Бид харь ертөнцийн амьтдыг бүтээж байна. Би хувиа хичээсэн байж, хүмүүсийг сонгоход бэлэн байна” гэж хэлжээ.
Кембрижийн толь бичиг хиймэл оюун ухаанаар хүнийг дуурайлган бүтээдэг хуурамч бичлэг (deepfake) улам боловсронгуй болж буйг, мөн Мэттью Макконахи, Тейлор Свифт зэрэг алдартнууд өөрсдийн дүр төрх болон дуу хоолойг ашигласан бичлэгийг хууль ёсны хамгаалалтад авахын тулд барааны тэмдэг бүртгүүлсэн зэргийг онцолсон байна.
Кембрижийн толь бичгийн үг зүйч Колин Макинтош “Хиймэл оюун ухаан бидний хүн байх тухай ярих арга барилыг өөрчилж байна” гэж нэмж хэлжээ. "Хүн" гэдэг үгийн тодорхойлолт уламжлал ёсоор биднийг бурхад, амьтад, сүүлийн үед бүр машинаас ялгаж ирсэн” гэж тэр мэдэгдэлдээ дурдсан байна. “‘Human-made’ (хүний бүтээсэн) гэх мэт нийлмэл үгсийн хэрэглээ сүүлийн үед нэмэгдэж байгаа нь тухайн үг хүний бүтээл, чанарыг хиймэл оюун ухаанаас ялгаж тодорхойлох болсон гэдгийг харуулж байна” гэж Макинтош нэмж хэлэв. “Хүн байх тухай ойлголтыг дахин сонирхох болсон нь тухайн үеийн нийгмийн нийтлэг хандлагыг илэрхийлсэн үзэгдэл юм.”
Кембрижийн толь бичиг оны онцлох үгээ нэрлэхийн зэрэгцээ энэ онд толь бичигтээ шинээр нэмсэн хэд хэдэн үг, хэллэгийг танилцуулжээ. Эхнийх нь “air jail” буюу “агаарт дүүжлэн шийтгэх” гэсэн хэллэг юм. Энэ нь “амьтан, ялангуяа нохой түрэмгий эсвэл хүсээгүй зан авир гаргах үед түүнийг тодорхой хугацаанд газраас хөндий өргөж барих замаар сургах арга” гэж тодорхойлогджээ.
Дараагийнх нь “aura farming” буюу “аура бүрдүүлэх” гэсэн хэллэг. Үүнийг “хүмүүсийн биширдэг, дур булаам, сонирхолтой гэж үздэг зан чанартай мэт харагдахын тулд зориуд үйлдэл хийх” гэж тайлбарласан байна.
Мөн “looksmaxxing” гэдэг үгийг толь бичигт нэмсэн бөгөөд “өөрийгөө аль болох бие махбодын хувьд дур булаам болгох үйл ажиллагаа; үүнийг олон нийтийн сүлжээнд голдуу залуу эрэгтэйчүүд уриалан сурталчилдаг” гэж тодорхойлжээ.