
Ид өрнөж буй “Милан-Кортина 2026” наадмын шагналын тавцанд гарч буй тамирчид олимпын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй медалийг гардан авч байна.
Олимпын медалийн бэлгэдлийн үнэ цэн хэмжээлшгүй ч цэвэр мөнгөн дүнгээрээ өмнөхөөсөө илүү үнэтэй болж эхэлсэн нь түүний орц болсон металлуудын үнийн өсөлттэй холбоотой. Дээд амжилт, өрсөлдөөн, ялалт авчрах ур ухаан, авхаалж самбаа анхаарал татах нь зүйн хэрэг. Гэвч ялалтын баяр хөөр намжсаны дараа нэг асуулт байнга гарч ирдэг нь “Олимпын медаль ямар үнэтэй вэ” гэдэг асуулт.
2024 оны долоодугаар сард Парисын олимпоос хойш алт, мөнгөний үнэ тус бүрдээ 107-200 хувиар өссөн байна. Ийм огцом өсөлтийн улмаас металын үнэд суурилан тооцвол алтан медаль ойролцоогоор 2300 ам.долларын үнэтэй болж, Парисын олимпын үеийнхээс хоёр дахин үнэтэй болжээ. Мөнгөн медалийн тухайд бараг 1400 ам.долларын үнэд хүрч, хоёр жилийн өмнөхөөс гурав дахин өсөв. Харин хүрэл медалийн материалын үнэ үүнтэй харьцуулахад маш бага. Зэсийн үнэ одоогоор унц тутамд 0.38 ам.доллар орчим байгаа бөгөөд 495 грамм зэс агуулсан хүрэл медаль нь долоон ам.доллараас ч бага үнэтэй.
Олимпын алтан медаль 506 грамм жинтэй бөгөөд ердөө зургаан грамм нь цэвэр алт, үлдсэн хэсэг нь мөнгөнөөс бүрддэг. Харин хүрэл медаль нь зэсээр хийгдсэн бөгөөд 420 грамм жинтэй.
Нэрнээсээ үл хамааран олимпын алтан медаль үнэндээ цул алт биш. 1904 онд цул алтан медаль олгох уламжлал тогтсон ч Дэлхийн I дайнаас хойш өртөг нь хэт өндөр болсон тул энэ практик удаан үргэлжлээгүй. Олимпын медалийг олон тамирчинд олгох шаардлагаас үүдэн боломжгүй болов. Тухайн үеийн стандартын дагуу нэг медальд 70-72 грамм орчим (1908 оны Лондоны зуны олимпын алтан медальд 72 грамм алт орсон) цул алт ашиглах нь эдийн засгийн хувьд дэлхийн аль ч улсад хүйтэн дайныг үл тоох хэмжээний байж чадсангүй. Үр дүнд нь 1912 оны олимпын наадам цул алтан медаль олгосон хамгийн сүүлчийн олимп болсон юм. Орчин үеийн алттай медальтай харьцуулбал цэвэр алтан медаль металл найрлагаар хамгийн өндөр үнэтэй ч гэлээ олимпын медалийн бэлгэдэл, нэр хүндийн үнэ цэн нь орчин үеийн алтан медальтай эн тэнцүү.
Өнөөдөр олимпын алтан медаль үндсэндээ мөнгөөр хийгдэж, гадаргууг нь нимгэн цэвэр алтаар бүрдэг.
Орчин үеийн нэг алтан медаль дунджаар 523 грамм мөнгө, нэмээд зургаан грамм алтаар бүрсэн байдаг. Ингэснээр алтан өнгөтэй, жинтэй харагдахын зэрэгцээ асар их бэлгэдлийн үнэ цэнээ хадгалж чаддаг. Харин мөнгөн медаль үнэхээр цул мөнгөөр хийгддэг. Харин хүрэл медальд үнэт металл огт агуулагддаггүй. Ихэвчлэн 90 хувь зэс, түүнчлэн цагаан тугалга, цайр зэрэг хайлшаас бүрддэг. Иймээс л олимпын медалийн жинхэнэ үнэ цэн нь түүнийг бүрдүүлсэн түүхий эдээс илүүтэйгээр олимпын медальт тамирчин байх нэр хүнд болон түүнээс үүдэх боломжуудад оршдог.
Орчин үеийн олимпод тамирчдад олгодог нийт медалийн металлын үнэ ойролцоогоор 5 739 425 ам.доллар гэж эдийн засагчид тооцоолжээ.
Олимпын медалийн үнийг бодитоор тооцоолоход материалаас гадна дизайн, урлагийн бүтээлийн хийцлэл, хэв, цутгалт, сийлбэр, гар ажиллагаа, тээвэр, хамгаалалт болон тууз, ёслолын сав баглааг нэгтгэн тооцвол нэг медалийн нийт өртөг нь 1200-2000 ам.доллар болно. Онцгой дизайнтай жилүүдэд илүү өндөр үнэтэй болох нь бий.
Эдгээр гурван элемент нь үелэх системийн нэг баганад (1B бүлэг) багтдаг. Үелэх системийн нэг баганад орших элементүүд ихэвчлэн маш төстэй шинж чанартай байдаг. Тухайн баганын хамгийн чухал нэг онцлог нь задарч муудахгүй, удаан хадгалагдах зүйл хийхэд тохиромжтой металлуудыг багтаасан байдаг. Энэ гурван металлын бусад олон металлаас ялгаатай тал нь цэвэр буюу байгалийн хэлбэрээр нь шууд олж, олборлож болдог. Харин бусад металлуудын ихэнхийг химийн олон шат дамжлагатай боловсруулалтын дараа л цэвэр хэлбэрээр гаргаж авдаг. Үүнээс гадна эдгээр металл нь амархан боловсруулагддаг, хэлбэрт оруулахад хялбар, мөн харьцангуй бага хайлах температуртай тул олимпын медаль шиг жижиг, нарийн хийцтэй эд зүйлс хийхэд тун тохиромжтой байжээ. Нэмээд ховор байдлаасаа шалтгаалсан дотоод үнэ цэнтэй. Дэлхий болон нарны аймаг үүсэх явцад явагдсан эрдсийн хуримтлалын үр дүнд эдгээр металлын хэмжээ тогтсон гэдэг. Өндөр нягтралтай элементүүд орчлон ертөнцөд ерөнхийдөө ховор, энэ шинж нь дэлхий дээрх тархалтад нь ч ижил нөлөөлдөг. Зэс үелэх системийн дээд хэсэгт байрладаг, газрын хэвлийд элбэг тохиолддог металл. Мөнгө түүнээс арай ховор, үелэх системд нэг шат доор байрладаг. Харин алт нь энэ хоёроосоо арай дээхнүүр буюу хамгийн ховор, атомын дугаар хамгийн өндөртэй, мөн олдоц хамгийн багатай үнэт металл юм.
Өвлийн олимпын медалиудын дизайн илүү чөлөөтэй, материалын туршилт ихтэй байдаг гэдэг. Зөвхөн нэр бүхий гурван элементээс гадна өөр өөрсдийн онцлогийг шингээн урласан медалиудаараа олимпын түүхэнд нэрээ үлдээсэн наадмууд цөөнгүй.

Бээжин 2008: Медалийн ар талд хаш чулуу суулгаж чимсэн. Хаш дээр лууны дүрс сийлсэн, язгуур эрхэм, нэр хүндийг бэлгэдсэн энэ Ази маягаараа уламжлал ба бүтээлч байдлыг хослуулсан хэмээн үнэлэгдсэн
Лондон 2012: Монгол Улсын маань хувьд онцгой, бахархам медальтай олимп болсон. Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп тус наадмын олимпын медалийн ивээн тэтгэгч болж, дотоодын гурав дахь ангиллын ивээн тэтгэгч, уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэгч албан ёсны түншийн хувиар 4700 багц медалийг бүтээх алт, мөнгө, хүрлийг нийлүүлсэн. Медаль хийх металлыг дэлхийн өнцөг булан бүрээс, тэр тусмаа Монгол Улсын Өмнөговь аймаг дахь Оюутолгойн уурхайгаас нийлүүлсэн. Энэ наадмаас манай тамирчид ганзага дүүрэн ирсэн нь бахархал, баярыг нэмсэн билээ.
Токио 2020 (цар тахлын улмаас 2021 онд болсон): Олимпын медалийг 78000 тонн цахим төхөөрөмжөөс алт, мөнгө, хүрлийг нь ялган авч, дахин боловсруулан бүтээсэн. Хог хаягдлыг дахин ашигласан, экологид ээлтэй шийдэл болж, 5000 ширхэг медаль хийхийн тулд цахилгаан бараа дахин боловсруулны дотор 6.21 сая гар утсыг дахин боловсруулжээ.
Парис 2024: Алт, мөнгө, хүрэл медаль тус бүрд Эйфелийн цамхгаас авсан 18 грамм төмөр суулгасан. Суулгац нь Эйфелийн цамхагийн XX зууны засварын үеэр авч хадгалсан хэсэг байв. Медалийн голд суулгасан жигд зургаан өнцөгт энэ хэсэг францийн өвөрмөц шинжийг агуулахын зэрэгцээ Францыг бэлгэддэг “L’Hexagone” нэрийг давхар илэрхийлжээ.

Олимпын медаль хууль ёсоор тамирчны өмч. Тиймээс тэд медалиа зарж, үрэх бүрэн эрхтэй, Олон улсын олимпын хороо ч хориглодоггүй. Гэхдээ олимпын медалиа зарсан цөөн тохиолдлын олонх нь гарцаагүй нөхцөлөөс үүдэлтэй байдаг.
АНУ-ын хоккейн багийн тамирчин Марк Уэллс 1980 оны ЛэйкПлэсидийн алтан медалиа 2010 онд 310 000 ам.доллараар зарсан шалтгаан нь нугас тархины мэс заслынхаа зардлыг олохын тулд хийсэн алхам байв. “Miracle on Ice” хэмээн нэрлэгддэг ЗХУ-ын багийг ялсан энэ медалийн түүхэн үнэ цэн материалын үнээс хэдэн зуу дахин өндөр, арилж алга болохгүй.
АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин Жесси Оуэнсийн 1936 оны Берлины олимпын дөрвөн алт медалийн нэгийг гэр бүлийнхэн нь түүнийг нас барсны дараа 2013 онд 1.47 сая ам.доллараар зарсан. Нэг олимпод дөрвөн төрөлд ялалт байгуулсан Жесси Оуэнсийн амжилт нь нацист Герман дахь Гитлерийн “Арийчууд давамгайлах ёстой” гэсэн үзэлд цохилт өгсөн түүхэн мөчийн бэлгэдэл гэж тооцогддог учир үнэ цэн нь хэмжээлшгүй юм.
АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Энтони Эрвин 2000 онд хүртсэн цорын ганц алтан медалиа 17000 ам.доллараар зарж Цунамигийн хохирогчдод тусласан бөгөөд дараа нь 2016 онд дахин алтан медалийн эзэн болсон.
Олимпын медаль дахь металл нь хэдэн арван мянган ам.доллараар хэмжигдэхүйц үнэтэй биш байж болох ч, түүнийг авчирдаг хөлс хөдөлмөрийн үнэлэмж, нэр хүнд, боломжууд нь тамирчны ирээдүйн орлогыг бүрэн өөрчлөх шидтэй. Тиймдээ ч олимпын медалийн жинхэнэ үнэ нь юугаар хийгдсэнд бус, юуг боломжтой болгож өгдөгтөө оршдог.