
АНУ, Канад, Мексикт болж буй 26 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) үргэлжилж байна. Анх удаа 48 баг оролцож буй ДАШТ-ий хэсгийн эхний тоглолтуудаас содон, сонин үйл явдлууд хөвөрсөөр байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргасан шинэчилсэн дүрэм, хамгийн олон баг оролцохдоо анх удаа гурван улсын нутагт болж буй гэдгээрээ энэ удаагийн дэлхийн аваргын тоглолтууд онцлог болж буй. 12 хэсэгт хуваагдсан багууд эхний тоглолтоо өнгөрөгч хоёр долоо хоногийн турш хийж цааш хасагдах шатанд өрсөлдөх боломжийн төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлсээр байна. АНУ-д нэвтрэх хилийн хоригоос эхлээд дуулиан шуугиантай эхэлсэн хөлбөмбөгийн ДАШТ-ий эргэн тойрон дахь мэдээллээс хүргэж байна.

104 тоглолтыг шүүн явуулах шүүгчийн бүрэлдэхүүнд Африк тивийг төлөөлөн Сомалийн шүүгч Омар Абдулкадир Артан сонгогдсон билээ. Тэрээр энэ удаа АНУ-ын хилийг давж чадаагүй. Омар Артаныг хилийн шалган дээр 11 цагийн турш байцаасны эцэст оруулаагүй нь визтэй холбоотой хилийн маргааны асуудлыг дахин сөхсөн юм. Түүнийг террорист бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэж сэжиглэсэн учраас шалгалтыг хагас өдрийн турш хийж АНУ-д оруулах боломжгүй боллоо гэдгийг зохион байгуулах орноос мэдэгдсэн. Хэрвээ Артан хилийн шалгалтыг саадгүй давсан бол хөлбөмбөгийн ДАШТ-ийг шүүсэн анхны Сомали улсын шүүгч болох байсан юм. Тэрээр FIFA-гаас сонгогдсон талбайн 52 шүүгчийн нэг болохдоо шүүгчийн бүх шалгалтыг давж энэ эрхийг авчээ. Харамсалтай нь тэр АНУ-д болох тоглолтуудыг шүүх боломжгүй болсон. Хилийн шалгалтыг давж чадаагүй шүүгч Омар Артаныг FIFA-гаас наймдугаар сарын 12-нд болох УЕФА-ийн Супер цомын төлөөх "ПСЖ"-"Астон вилла" багуудын тоглолтыг шүүх шүүгчээр томилжээ.

12 хэсгийн эхний тоглолтууд өндөрлөж багууд хүснэгтийн нэгээс дөрөвт жагсаж эхэллээ. Нээлтийн тоглолтыг Мексикт эхлүүлсэн Өмнөд Солонгосын шигшээ баг Чехийн багийг 2:1-ээр хожиж энэ удаагийн Азийн багийн эхний ялалтыг авсан юм. Сон Хын Минээр удирдуулсан багийн солонгосчууд энэ удаа ур чадвараа харуулж, айлын хаалгыг хоёр гоолоор мялааж эхний гурван оноогоо авсан. Мөн энэ дэлхийн аваргын хамгийн анхаарал татсан тоглолт Япон-Нидерландын хооронд болов. Энэ тоглолт 2:2-оор тэнцээгээр өндөрлөж багууд тус бүр нэг оноог авсан. Хэсгийнхээ хамгийн хүчтэй багаас тэнцээний эхний оноогоо авсан Японы дасгалжуулагч Хажимэ Мориясүгийн тактикийн арга барил ч анхаарал татлаа. 1998 оноос хойш найм дахь дэлхий аваргадаа дараалан оролцож буй Японы багийг хол явах багийн нэгээр нэрлэж байгаа. Мөн өчигдөр болсон хэсгийн хоёрдахь тоглолтод Японы шигшээ баг Тунисийг 4:0-оор хожиж Нидерландтай адил 4 оноотой хэсгээ тэргүүлж байна. Мөн энэ тоглолт 1930 оноос хойш зохиогдож буй хөлбөмбөгийн ДАШТ-ий 1000 дахь тоглолт болж түүхэнд бичигдлээ.
Өмнөх ДАШТ-ийг зохион байгуулсан Катарын баг Швейцартай тэнцэж нэг оноо авсан. Энэ нь Катар улсын ДАШТ-ий түүхэн дэх анхны оноо байв. Гэвч хэсгийн хоёр дахь тоглолтод Канадад хожигдлоо. Ингэснээр Катарын хэсгээс Канад, Швейцар дөрвөн оноотой тэргүүлж эхэллээ.

Анх удаа ДАШТ-д оролцож буй Атлантын далайд орших арал улс болох Кабо Вердегийн баг энэ удаа Уругвай, Саудын Араб, Испани гэсэн хүчирхэг багуудтай Н хэсэгт багтсан. Ердөө 600 мянган хүн амыг төлөөлж буй Кабо Вердегийн багийн залуус тийм амар бууж өгөхгүй гэдгээ харуулаад авлаа. Тэд энэ дэлхийн аваргад түрүүлэх магадлал хамгийн өндөр гэгдэж буй Испанийн хүчирхэг багтай тэнцсэн. Энэ тоглолтын гол баатар нь Кабо Вердегийн хаалгач Жоземар Диаз байв. Тэрээр хэд хэдэн аюултай довтолгоог хааж ур чадвараараа хаалгаа хуурай манаж чадлаа. Энэ тоглолтын үр дүн 0:0-оор өндөрлөсөн ч Кабо Вердегийн баг Испаниас нэг оноо салгаж чадсан нь анхны дэлхийн аваргын анхны оноо байв. Хэдийгээр тоглолтын хувь заяа тэнцээгээр өндөрлөсөн ч хаалгач Жоземар Диазын ур чадвар түүнийг алдаршуулж чадлаа. 40 насандаа дэлхийн оддын эгнээнд орж ирсэн түүний инстаграм хаяг хоёр хоногийн дотор 10 сая дагагчтай болсон. Мөн түүний ээж Ана Кандидо Эвора АНУ-д ирж хүүгийнхээ тоглолтыг цэнгэлдэхээс үзэх боломж нээгдсэн юм. Учир нь, энэ тоглолтын дараа Жоземар Диазын хэвлэлд өгсөн яриа зохион байгуулагчдын анхааралд өртөж түүний ээжид хэсгийн сүүлийн тоглолтыг үзэх боломж гарлаа. Энэ асуудалд АНУ-ын талаас онцгой анхаарч Жоземар Диазгийн ээжийг визийн барьцаанаас чөлөөлсөн гээд түүний гэр бүлд санамсаргүй үйл явдлууд ундарч эхлэв.
Арлын Кабо Вердегийн багийн залуус өчигдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо Уругвайн шигшээ багтай хийж 2:2-оор тэнцээгээр өндөрлөлөө. Энэ тоглолт Кабо Вердегийн хувьд бас л түүхэн тоглолт болж үлдлээ. Тэд хоёр тоглолтоос тэнцээний 2 оноог авч хэсэгтээ Испани, Уругвайн араас гуравт бичигдэж байна. Энэ хэсгийн сүүлийн тоглолт зургаадугаар сарын 24-д болж хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно. Кабо Вердегийн залуусын хувьд 2 эсвэл 3-аар гарах бүрэн боломж бий.

E хэсэгт Германтай эхний тоглолтод 7:1-ээр хожигдсон Курасаогийн шигшээ баг энэ дэлхийн аваргын анхны оноогоо авлаа. Өчигдөр болсон Курасао, Эквадорын шигшээ багийн тоглолт 0:0-оор өндөрлөж хоёр баг тэнцээний 1 оноотой тоглолтыг өндөрлүүлсэн. Энэ тоглолтын гол баатар нь Курасаогийн 37 настай хаалгач Элой Ром байв. Тэрээр Эквадорын олон цохилтыг хааж багийнхаа ДАШТ-ий түүхэн дэх анхны оноог авахад голлох үүргийг гүйцэтгэсэн. Мөн Ром энэ тоглолтод нийт 15 цохилтыг хааж чадсанаараа үндсэн цагт хамгийн олон бөмбөг хаасан амжилтын дараагийн эзнээр тодорлоо. Өмнө нь 2014 оны ДАШТ-д АНУ-ын хаалгач Тим Ховард Бельгийн 16 цохилтыг хаасан нь дээд амжилт болж байсан байна.
Курасао бол Нидерландын нутаг дэвсгэрт хамаардаг, автономит улс юм. Иймээс тоглолтын дараа шигшээ багийнханд Нидерландын хаан Уильям-Александер, хатан хаан Максима нар хувцасны өрөөнд тусгайлан баяр хүргэсэн.
Карибын тэнгисийн өмнөд хэсэгт орших энэ жижигхэн арал дээр ердөө 150 мянган иргэн амьдардаг аж. Тэгвэл энэ арлыг төлөөлөн ДАШТ-д тоглож буй Курасаогийн шигшээ багийн залуус түүхэн 1 оноог авлаа. Энэ хэсгээс Германы шигшээ баг хоёр хожилтойгоор шууд 32-т шалгарсан бол үлдсэн тоглолт зургаадугаар сарын 25-ний өдөр болж дараагийн баг тодорно. Германы араас Кот д'Ивуар 3 оноотой хоёрт, Эквадор болон Курасаогийн багууд 1 оноотой удаалж байна. Сүүлийн тоглолтын үр дүнгээс хамаарч хасагдах шатанд өрсөлдөх багийн нэр тодрох юм.

J хэсэгт Аргентин, Алжир, Австри, Йорданы баг бий. Хэсгийн эхний тоглолтод Аргентиний Лионел Андрес Месси Алжирын хаалганд гурван гоол хийж мэргэн буучдын жагсаалтыг Канадын Жонатан Дэвид, Германы Дэниз Ундав нарын тоглогчын хамтаар тэргүүлж эхэллээ. Энэ тоглолтын өмнөхөн Францын од Килиан Мбаппе Сенегалын хаалганд, мөн Норвегийн Эрлинг Холанд Иракын хаалганд хоёр гоол хийгээд байсан юм. Тэгвэл ердөө хэдхэн цагийн дараа энэ үзүүлэлтийг алдарт Месси гурав болгон ахиулсан. Ингэж дэлхийн одод ээлжлэн хөлбөмбөгийн ур чадварыг харуулж дараалсан олон гоолыг хийж, эхний тоглолтоос эхлэн уур амьсгалыг өөрчилж эхэллээ. Месси ердөө хоёр хоногийн дараа буюу энэ сарын 24-нд 39 нас хүрнэ. Тэгвэл тэр өөрийн төрсөн өдрийн баяртаа зориулан хет-трик хийж эхний бэлгийг барилаа. Энэ нь Мессигийн ДАШТ-д оруулж буй 16 дахь гоол болж Германы Мирослав Клозегийн хамт дэлхийн аваргад хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлж эхлэв. Энэ үзүүлэлтийг Месси, Мбаппе, Роналду ч ахиулах бүрэн боломж бий. Тэд зөвхөн эхний тоглолтын дараа дэлхийн аваргын үзүүлэлтийг шинэчилсээр байна. Тоглолт дөнгөж эхлэх үед гол гол үзүүлэлтүүдийг өнөө цагийн алдартнууд ахиулж эхэллээ. Мөн Месси ДАШТ-д гоол хийсэн хамгийн ахмад тоглогчийн жагсаалтад Роже Милла, Пепе нарын араас гуравт бичигдлээ. 39 нас хүрч буй Лионел Мессигийн хувьд өнөө шөнө Австрийн эсрэг тоглоно. Тэрээр зургаа дахь дэлхийн аваргадаа тоглохдоо эхний тоглолтдоо хет-трик хийж эхний дуулианыг тарьсан бол өнөө шөнө биднийг дахин нэг онцгой тоглолт хүлээж байна. Хэрвээ Аргентиний шигшээ баг Австрийг хожиж чадвал хэсгээсээ нэгээр шалгарч хасагдах шатны 32 багийн нэг болох юм.

Зургаа дахь ДАШТ-д тоглож буй алдарт Кристиано Роналдугаар ахлуулсан Португалтай, энэ дэлхийн аваргад тоглохын тулд эрхийн сүүлийн шалгаруулалтын боломжийг ашиглан тодорч гарч ирсэн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын багтай нэг хэсэгт багтсан баг бол Узбекистаны шигшээ баг юм. Ердөө жилийн өмнө нь ДАШТ-ий сонгон шалгаруулалтыг давж эрхээ авч чадсан узбекууд энэ дэлхийн аваргын эхний тоглолтыг урамтай эхлүүлэв. Анхны дэлхийн аваргадаа тоглож буй Узбекистаны баг Колумбын эсрэг тоглохдоо гурван гоол алдсан ч нэг гоол хийж чадсан. Энэ түүхэн гоолын эзэн бол 22 настай Аббосбек Файзуллаев юм. Тоглолтын 60 дахь минутад Колумбын хаалгыг мялааж чадсан түүний гоол Узбекистаны шигшээ багийн ДАШТ-ий анхны гоол боллоо. Туркийн "Истанбул Башакшэхир" багт тоглодог Аббосбек дэлхийн аваргын замналаа эхлүүлэхдээ нэр төрийн эхний гоолыг хийж улс даяараа дахин баярлах боломжийг нээв. Ийнхүү гэнэтийн тоглолтоор дүүрэн болж буй энэ удаагийн ДАШТ-ий дуулианууд ар араасаа хөвөрч эхлэв.
48 баг анх удаа өрсөлдөж буй ДАШТ-ий 12 хэсгээс одоогоор гурван баг хасагдах шатны 32-т шалгараад байна. А хэсгээс Мексик, D хэсгээс АНУ, Е хэсгээс Германы багууд сүүлийн тоглолтоос өмнө хоёр хожил авснаар хэсгээ тэргүүллээ.
Хэсгийн хоёр дахь тоглолтын хуваарийн дагуу өнөө шөнө I хэсгийн Франц-Ирак, Норвеги-Сенегалын тоглолтууд болно. Мөн J хэсгийн Аргентин-Австри, Йордан-Алжирын тоглолтууд болох хуваарьтай байна.