
Баян-Өлгий аймагт малын гоц халдварт шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 20 шахам хоног өнгөрчээ.
Хамгийн ноцтой нь уг өвчин манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй, вакцин нь ч нэвтрээгүй шүлхийн САТ-1 хэмээх аюултай хэв шинж гэдэг нь аливаа эрсдэлд бэлэн бус байдаг бидэнд хүндхэн цохилт боллоо. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Ховд аймгуудад өвчилсөн нийт 1000 гаруй малыг устгалд оруулаад байна. Гэтэл Төв, Өвөрхангай, Дорнод аймгуудад О хэв шинжийн шүлхий бүртгэгдсэн талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээллээ. Хачирхалтай нь, шүлхийн О хэв шинжээс сэргийлэх вакцин хийлгэсэн мал өвчилсөн нь вакцины чанарын асуудлыг хөндөж байна.
Энэ хугацаанд халдварын тархалтыг хэрхэн хязгаарлах, малчдын эдийн засгийн хохирлыг хэрхэн бууруулах, махны экспортод ямар нөлөө үзүүлэх зэрэг олон асуудал бүрхэг хэвээр. Хэрэв энэ хугацаанд халдварыг хумьж чадахгүй бол малчдын амьжиргаа, махны зах зээл, экспортын нийлүүлэлт саараад зогсохгүй Монгол Улсын мал аж ахуйн салбарын нэр хүнд хүртэл олон улсын тавцанд унах бодит эрсдэл нүүрлээд байна.
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ
Баян-Өлгий аймагт Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн САТ-1 хэвшлээр үүсгэгдсэн шүлхий өвчин оношлогдлоо. Урьд өмнө Африкт гардаг байсан энэ шүлхий Ойрхи Дорнод, станы орнууд, Хятад, Орост гарах болсон тухай олон улсын байгууллагууд анхууруулж байсан ч бид дорвитой арга хэмжээ авахгүй байсаар ийнхүү ороод иржээ. Монгол Улс одоогийн байдлаар энэ төрлийн шүлхийд хийх вакцингүй байгаа юм байна. Манай улсын хувьд малын мах, түүхий эдийг экспортлох асуудал малын өвчнөөс шууд хамааралтай. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль дээр ажиллаж байхад олон улсын эксперт “Гишүүн ээ, Монгол Улс малын өвчин, шүлхийнээсээ салаагүй цагт танай махыг дэлхий тоохгүй шүү” гэж хэлж байлаа.
Шүлхийн САТ-1 хэв шинж нь өмнө нь голчлон Африкийн орнуудад бүртгэгддэг байсан ч сүүлийн жилүүдэд Ойрхи Дорнод болон Азийн орнуудад тархах болсон байна.
Тухайлбал, БНХАУ-ын Ганьсу муж болон Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд энэ оны дөрөвдүгээр сард САТ-1 хэв шинжийн дэгдэлт бүртгэгдсэн нь тус улсад анхны тохиолдол болсон талаар олон улсын байгууллагууд мэдээлжээ.
Үүнээс ердөө нэг сарын дараа буюу тавдугаар сарын 22-нд Баян-Өлгий аймагт, улмаар тавдугаар сарын сүүлээр Ховд аймагт ижил хэв шинжийн шүлхий оношлогдсон байна. Орон нутгийн байгууллагуудын мэдээлж буйгаар БаянӨлгий болон Ховд аймагт бүртгэгдсэн голомтууд хоорондоо шууд холбоогүй бөгөөд хил орчмын бүсээс тус, тусдаа дамжин орж ирсэн байх магадлалтай аж.
Иймээс Засгийн газар Турк, ОХУ, БНХАУ-аас долоон сая тун вакцин захиалж авахаас 1.5 сая тунийг эхний ээлжид ОХУ-аас авахаар төлөвлөөд буй. Тэгвэл шинэ төрлийн вакциныг татан авах 45 хоногийн хугацаанд тархалтыг зогсоож, голомтыг хумих нь маш чухал. ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Өвчлөл гарсан аймгуудын хувьд одоогоор хорио цээрийн дэглэм тогтоож, өвчилсөн малыг устгах журмын дагуу халдвар авсан болон өндөр эрсдэлтэй бүсийн малыг устгалд оруулж эхэлсэн. Одоогоор голомт бүртгэгдсэн аймгуудад тархалтыг зогсоож, голомтыг хумьсан” гэж мэдээлсэн юм. Гэвч бодит байдал дээр голомтын бүсэд ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн болон малын эмч нарт хамгаалах хувцас ариутгалын бодисын нөөц дутмаг байгаа аж.
Тухайлбал, Ховд аймагт ариутгал хийх долоо хоногийн нөөц байгаа бөгөөд хамгаалах хувцас ариутгалын бодисоо аймгаас татжээ. Харин Баян-Өлгий аймаг байгаа нөөцөөрөө ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд 700 гаруй малыг усгалд оруулсан талаар мэдээлээд буй.
Шүлхий өвчний тархалтыг хязгаарлах хамгийн үр дүнтэй арга нь малын хөдөлгөөний хатуу хяналт, хорио цээрийн дэглэм байдаг. Мөн голомтын бүсэд ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн болон малын эмч нарын хамгаалах хувцас ариутгалын бодисын нөөц зэрэг бэлэн байдал хамгаас чухал аж.
Эрчимжсэн мал аж ахуйн мэргэжилтэн, малын эмч О.Чойжоо
Шүлхий бол халдварлах чадвар маш өндөртэй, вирусийн гаралтай өвчин. Вирус нь зөвхөн өвчилсөн малаар дамжихгүй, автомашины дугуй, хүний хувцас, малын арьс, үс, тэр ч байтугай агаараар ч тархах эрсдэлтэй. БаянӨлгий, Ховд аймагт бүртгэгдсэн САТ-1 хэв шинж нь манай улсад анх удаа илэрч байгаа учраас нөхцөл байдлыг илүү болгоомжтой үнэлэх шаардлагатай. Одоогоор бидний хамгийн чухал хийх ёстой ажил бол вакцин хүлээгээд зүгээр суух биш, харин халдварын тархалтыг хязгаарлах. Вакцин ирэхэд дор хаяж 45 хоног, түүнээс хойш дархлаа тогтоход дахин хугацаа хэрэгтэй. Тиймээс энэ хугацаанд хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж, хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хатуу хяналт тавихгүй бол халдвар шинэ бүс нутагт тархах эрсдэл өндөр байна. Удахгүй улсын наадам болно. Энэ үеэр халдварыг хумьж чадахгүй бол нөхцөл байдал улам дордоно.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Онцгой байдлын журмаар малын гоц халдварт өвчний голомт бүртгэгдсэн үед орон нутгийн мал эмнэлгийн газар, Онцгой комисс нь дор хаяж 14-өөс 30 хоногийн халдваргүйжүүлэлтийн бодис, хамгаалалтын хувцасны байнгын нөөцтэй байх ёстой байдаг. Гэтэл аймгуудад долоо хоног, заримд нь хэдхэн өдрийн нөөц байгаа нь халдварыг цааш тархаах эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж буй. Цаашлаад энэхүү бэлэн бус нөхцөл байдал нь дотоодын махны зах зээл болон гадаад экспортод сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхааруулж буй.
Монгол Улс 2025 онд 85.6 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 345.3 сая ам.долларын орлого олсон нь салбарын хувьд түүхэн дээд үзүүлэлт болсон юм. Үүнд түшиглэн Засгийн газар болон Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2026 онд махны экспортод ямар нэгэн тоо хэмжээний хязгаарлалт буюу квот тогтоохгүй, нээлттэй байлгахаар төлөвлөөд байв.
Гэвч Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн шүлхийн САТ-1 хэв шинжийн дэгдэлт нь манай улсын дотоодын махны үнийг хөөрөгдөх эрсдэлтэйгээс гадна олон улсад мах нийлүүлэх экспортын эргэлтийг ч бууруулах сөрөг нөлөө үзүүлж болзошгүй болоод буй.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
Шүлхийн САТ-1 хэв шинжийн дэгдэлт нь махны экспортод шууд нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Учир нь халдварын нөхцөл байдал зөвхөн тухайн бүс нутгийн асуудал бус, Монгол Улсын мал аж ахуйн салбарын эрсдэлийн үзүүлэлт болж олон улсад харагдана. Ийм үед манайхаас мах импортолдог орнууд илүү болгоомжтой хандаж, хяналт шалгалтаа чангатгах магадлалтай. 2025 онд махны экспорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч халдварын тархалт хяналтаас гарвал экспортын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл бий. Тиймээс төрийн оролцоо нь зах зээлийн үнэ зохицуулахад бус, харин өвчний тархалтыг хязгаарлах, голомтыг хумих, вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулахад чиглэх нь зүйтэй. Хамгийн чухал нь халдварыг бусад бүс нутагт тархаахаас сэргийлэх явдал юм.
Тухайн улсын бүс нутагт малын гоц халдварт өвчин бүртгэгдсэн тохиолдолд зөвхөн бүс нутгийн хөдөлгөөн хязгаарлагдаад зогсохгүй экспортын зах зээлд итгэлцлийн асуудал үүсдэг. Ялангуяа САТ-1 хэв шинж нь Монгол Улсад анх удаа бүртгэгдэж байгаа учраас олон улсын анхаарлыг татах, болгоомжлох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Эдийн засагч Н.Энхбаяр
Энэ оны хоёрдугаар сараас эхлэн ОХУ-ын олон муж, тойргийн нутгаар үхрийн шүлхий өвчин тархаад байна. Үүнтэй холбоотой Казахстан улс гуравдугаар сараас эхлэн ОХУ-аас амьд мал, малын гаралтай бүтээгдэхүүн худалдан авахыг хориглосон. Баруун бүсийн Цагааннуур, Боршоо боомтууд дээр онцгой дэглэм тогтоож, хатуу чанд арга хэмжээ авахгүй бол цаашдаа Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспорт ч хоригт орж мэдэх эрсдэлтэй гэдгийг УИХ, Засгийн газар анхааралдаа авах хэрэгтэй.
Олон улсын практикт малын гоц халдварт өвчин хил дамнан орж ирэх үед боомтын хяналтыг дээд цэгт нь тулгаж, халдваргүй бүс нутгуудаа яаралтай тусгаарлах бүсчлэлийн бодлого (Zoning) хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд ч цаашид баруун бүсийн Цагааннуур, Боршоо боомтууд дээр онцгой дэглэм тогтоож, хилийн биоаюулгүй байдлыг хатуу чанд хангахгүй бол Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспорт бүхэлдээ хоригт орж мэдэх бодит эрсдэл бий гэдгийг энэхүү сорилт бидэнд анхааруулж буй.
Уг нь манай улсын хувьд малын мах, түүхий эдийг экспортлох асуудал малын өвчнөөс шууд хамааралтайг мэдэхийн дээдээр мэддэг. Гэвч мал аж ахуйн эх орон гэж ам уралдан ярихаас хэтэрдэггүй бидэнд бодит эрсдэлийг урьдчилж тооцоолох чадамж алга.