
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: -Ирэх онд 20 тонн алт олборлоно гэж төлөвлөсөн байна. Үнийг нь хэдээр тооцож байгаа вэ. Энэ жилийн гүйцэтгэл 7.7 тонн байгаа юм билээ. Сүүлийн жилүүдэд 20 тоннд хүрэхгүй байгаа. Хэрэв 20 тонндоо хүрэхгүй бол 1.3 тэрбум ам.долларын орлого тасарна гэсэн үг.
Нүүрс 90 сая тонныг экспортолно гэсэн байна. Энэ жилийн гүйцэтгэл хэд байгаа вэ. Ирэх онд хэдэн төгрөг байна гэж тооцсон юм. Дахиад төсвийн тодотгол хийх вий дээ.
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат: -Ирэх оны төсөвт алтыг 2800 ам.доллароор тооцсон. Алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа учраас олборлолт нь нэмэгдэж 20 тоннд хүрнэ гэж тооцож байгаа.
Өнөөдрийн байдлаар 64.4 сая тонн нүүрс экспортолчихсон байгаа. Энэ бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад адилхан үзүүлэлт. Үүн дээрээ үндэслэж ирэх жил 90 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон. Биет хэмжээний хувьд өөрчлөлт орохгүй. Үнийн хувьд энэ онд 40 хувиар буурсан. Үүнтэй холбоотойгоор төсвийн орлого тасарч байгаа. Эхний есөн сарын байдлаар төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.