
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Ингэхдээ тэрээр "Ерөнхий сайд Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт заасны дагуу өчигдөр саналаа УИХ-д хүргүүлсэн. Үндсэн хуулийн 39.4 гэдэг бол Ерөнхий сайдын бүрэн эрхийг тодорхойлсон заалт. Гэхдээ Ерөнхий сайд бүрэн эрхээ эдэлхийн тулд эхний өгүүлбэр дээр байгаа үүргээ биелүүлж байж бүрэн эрх нь хэрэгжинэ. Үүрэг гэдэг нь сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулах үүргийг хэлж байгаа юм. Энэ хоёр үүргээ хэрэгжүүлсэний дараа эрх нь хэрэгжинэ. Энэ бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхий сайд УИХ-д танилцуулахаар танилцуулгыг нь хүргүүлсэн. УИХ танилцуулгыг УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасныхаа дагуу хэлэлцэнэ. Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудал дотор байхгүй.
УИХ-ын даргын дэргэд даргын дэргэдэх зөвлөл ажилладаг. Даргын дэргэдэх зөвлөлөөр ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг товлодог. Тэр дундаа долоо хоногоор Байнгын хороо, дэд хороо, түр хороо, хянан шалгах хороогоор ямар асуудал хэлэлцэхийг тогтдог. УИХ-ын үйл ажиллагаа энэ долоо хоногийн дарааллынхаа дагуу, товлосон товынхоо дагуу явж байгаа.
Засгийн газрын гишүүн чөлөөлөгдсөн, огцорсон, томилох тухай асуудлыг заавал Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсанаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Тэгэхээр хуулиараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын бүрэн эрх хэрэгжиж байгаа гэж ойлгож болно.
Хуулиараа "Арваннэгдүгээр сарын 15-ны дотор УИХ тухайн жилийн төсвийг батална" гэж заасан байдаг. Төсвөө баталж чадахгүй бол УИХ тарна гэх заалт байхгүй" гэв.