
Удирдагч Лай Чин Тэ сар шинийг баярыг тохиолдуулан Тайванийн төв уулсын өндөрлөгт байрлах станцаас хэлсэн үг нь бэлгэдлээр дүүрэн байлаа.
“Сар шинийн баяраар гэр бүлүүд цуглан баярлаж байх энэ үед манай олон иргэн, яг энд алба хааж буй цэргүүдийн адил, үүрэгт ажлаа тууштай гүйцэтгэж байна. Эх орноо 24 цагийн турш хамгаалж буй цэрэг, эрэгтэй эмэгтэй алба хаагчид болон эргийн хамгаалалтын ажилтнуудад талархал илэрхийлье” гэж тэр хэлжээ.
Мөн “Үндэсний аюулгүй байдлыг хангаж, нийгмийн тогтвортой байдлыг хадгалахын тулд батлан хамгаалах чадавх болон нийтийн аюулгүй байдлын арга хэмжээг цаашид улам бэхжүүлэх ёстой” гэдгийг онцолсон байна.
Тайванийн засгийн газрын бэлтгэсэн сар шинийн мэндчилгээний бичлэгт тус улсын дотооддоо бүтээсэн анхны шумбагч онгоцны усан доорх туршилтын бичлэг багтжээ. Удирдагч Лай БНХАУ-ын заналхийлэлтэй тэмцэх зорилгоор батлан хамгаалах салбарт 40 тэрбум ам.долларын нэмэлт төсөв санал болгосон ч парламентын эсэргүүцэлтэй тулгараад байна. Хууль тогтоох байгууллагад эрх баригч Ардчилсан Дэвшилт Намаас илүү суудалтай сөрөг хүчин уг төлөвлөгөөг хэлэлцэхээс татгалзаж, илүү бага зардалтай өөр санал дэвшүүлжээ.
2024 оны арванхоёрдугаар сард Доналд Трампийн засаг захиргаа Тайваньд 10 тэрбум ам.долларын үнийн дүнтэй зэвсгийн багц худалдахаа зарласан. Үүнд дунд тусгалын пуужин, их буу, дрон багтсан бөгөөд уг асуудал Хятадын зүгээс гаргасан хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан.
Үүнтэй зэрэгцэн Тайванийн засгийн газар батлан хамгаалах зардлаа ирэх онд ДНБ-ий 3.3 хувьд хүргэж, 2030 он гэхэд 5 хувьд хүргэнэ гэж амласан. Харин Трамп Тайванийг ДНБ-ийхээ 10 хувийг батлан хамгаалалтад зарцуулах ёстой гэж мэдэгдсэн нь АНУ болон түүний гол холбоотнуудын түвшнээс ч өндөр хувь юм. Энэ шаардлага нь Тайванийн гол сөрөг хүчин КМТ нам болон зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Саяхны өгсөн ярилцлагадаа удирдагч Лай “Хэрэв Бээжин Тайваньд халдвал Ази, Номхон далайн бүсийн бусад орнууд дараагийн бай болж магадгүй” хэмээн анхааруулсан.
“Бид Хятадын түрэмгийллийг ямар ч үед тогтоон барих чадвартай байх ёстой. Хятадын хувьд Тайваньд халдах сайн өдөр’хэзээ ч байхгүй байх тийм нөхцөлийг бүрдүүлэхийг хүсэж байна” гэж тэр хэлсэн юм.