
Хэл найруулгын тансаг ур хийц, хувь хүний ухамсрыг төнхөж, ёс суртахууны зааг дээрх сэтгэл зүйг сорих чадвартан, үгийн урлаг дахь хосгүй илбэчин Владимир Набоков энэ өдөр төржээ.
Судлаач Жон Апдайк, Набоковыг “Түүнээс хойш ийм аугаа сэтгэгч, төсөөлөхүйн чадварын ид шидийг эзэмшсэн зохиолч удтал тодроогүй болов уу даа” гэж тодорхойлсон байдаг. Үүнээс илүү олныг нуршилгүйгээр Набаковын онцлох таван бүтээлийг танилцуулъя.
ADA OR ARDOR
"Ада буюу гал халуун хүсэл " хэмээн хөрвүүлж болох уг роман нь хайр, хүсэл, цаг хугацаа гурвын огтлолцолд орших нарийн төвөгтэй бүтээл. Набаков ерөөс романы өгүүлэмжийн бүтцээр уншигчийг соронздож, тэр чинээгээрээ мөн төөрөлдүүлэх чадвартан. Гол дүрүүд болох Ада, Ван хоёрын харилцаа нь зөвхөн романтик бус ёс суртахууны гүнзгий асуудлыг төнхсөн үйл явдалд чиглэдэг. Набоков энд альтернатив ертөнц бүтээж, түүх, газарзүй, хэлний хослолыг ашиглан уншигчийг төөрөгдүүлнэ.
Энэ бүтээлд дурсамж гол хөдөлгөгч хүч болдог. Дүрүүд өнгөрснийг эргэн санах замаар өөрсдийн оршихуйг тодорхойлохыг оролдоно. Хайр нь энд аврал биш харин дурсамж доторх мөнхийн шаналал болж хувирдаг.
LOLITA
Набоковын хамгийн маргаантай, хамгийн алдартай бүтээл бол яах аргагүй “Лолита”. Дайны дараа үед бичсэн тус зохиол нь Набоковыг хоромхон зуур алдаршуулсан билээ. Хэл найруулгын хувьд энэ роман бол сонгодог уран зохиолын оргилуудын нэг.
Зохиолд юун тухай өгүүлдэг вэ? Би хүүрнэгч буюу зохиолын гол баатар 1910 онд Францад төрсөн, утга зохиол судлаач мэргэжилтэй нэгэн бөгөөд хүн амины хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаад шүүх хурал болохын өмнөхөн титэм судасны бөглөрөл өвчний улмаас нас бардаг. Тэрээр шоронд байхдаа нэг ёсондоо шүүгчдийн өмнө өөрийгөө өмгөөлөх, тайлбарлан ойлгуулах өчил болгон дурсамжаа уудлах агаад энэ арван хоёр настай Долорес Гейз охинд өгсөн, байж боломгүй хайр сэтгэлийн түүх байдаг.
LAUGHTER IN THE DARK
Дүр хүслийнхээ төлөө хүн аль хүртэл явж чадах вэ? Түүнийгээ дагаж амьдарлаа гэхэд бүх зүйл яаж төгсөх бол? Уг ном нь өдгөө ч Набоковын алдартай бүтээлүүдийн суурь нь хэмээн үнэлэгддэг билээ. Догдлол, түгшүүрийн аль алиныг төрүүлж, эмгэнэлийг элэглэлтэй төгс хоршуулж чадсан нь энэхүү романыг мөнхийн шилдэг бүтээл болгосон юм.
Зохиолын талаар товчхон өгүүлбэл, гол дүрийн баатар болох дунд эргэм насны урлаг судлаач, шүүмжлэгч Альбинус хөндлөнгөөс харсан хэнбугайд ч эхнэр охин хоёртойгоо аз жаргалтай амьдарч буйгаар зохиол эхэлдэг. Альбинус хөрөнгө чинээтэй, нийгэмд нэр хүндтэй хүний хувиар дүрслэгдсэн ч түүний амьдралд жинхэнэ хүсэл тачаал, догдлол дутагдаж байлаа. Энэхүү эгэл жирийн амьдрал нь түүнийг залуухан Марго бүсгүйд гүн гүнзгий автахад ихээр нөлөөлнө.
PNIN
Пнин бол хэт ёсорхуу зантай, байнга эвгүй нөхцөл байдалд ордог, өөрийнхөө талаар болон алдартай лекцүүдээ дахин дүгнэж, алдааг нь засч, бусадтай ажил мэргэжлийнхээ талаар огтхон ч ярьдаггүй. Түүнд авууштай чанар, анхаарах ёстой үйл хөдлөл маш олон. Набоков эл романыг учир битүүлэг байдалтай болгохын тулд ийнхүү нууцлагдмал боловч хэн бүхэнд ил, эгэл жирийн бүтэлгүй баатрыг сонгосон биз.
Романыг унших явцад заримдаа зохиолч нь төсөөлөхүйн хязгаарт өөрийгөө цөлчихсөн мэт санагдах агаад тэндээсээ огт санаанд оромгүй явдлуудыг нээж бүтээлдээ тун энгийнээр шигтгэж өгсөн шиг бодогдоно. Утга зохиолын цоо шинэ чиглэлийг үүсгэх түүний хүсэл мөрөөдөл, хэлний төгөлдөржилт нь энэ романд зүй ёсоор биелсэн гэж судлаачид дүгнэдэг.
INVITATION TO A BEHEADING
Энэхүү роман нь тоталитар дэглэм, хүний оршихуйн утга учрыг гүн ухааны түвшинд авч үздэг. Гол дүр нь санаанд оромгүй нэг шалтгаанаар цаазын ял сонсож, зүүдний мэт ертөнцөд аж төрнө. Орчин тойрон нь хиймэл агаад тэнд бүх зүйл хийсвэр.
Чухамдаа энд эрх чөлөөний тухай хөнджээ. Тэгээд ч хэн нэгнийг цаазын ялд урьчихаад зүүдний мэт орчин амьдруулна гэдэг төсөөлшгүй, жийрхэм үйл явдал. Гэвч хүрээлэн буй ертөнцөд юмс утгагүй байвч хүн өөрийн ухамсраа зөв удирдаж чадвал аврагдах боломж бий гэдгийг Набоков уншигчдад үзүүлнэ.