
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2026 оны 11 сараас 2027 оны 1 дүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Өвлийн эхэн буюу 11 дүгээр сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй.
Харин 12 болон 1 дүгээр саруудад агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас 12 дугаар сард говь болон зүүн аймгуудын нутгаар, 1 дүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орно.
Арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -14...-20°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -2... -8°С, бусад нутгаар -8... -14°С, арванхоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-22°C, нэгдүгээр сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Их нууруудын хотгороор -26...-32°C, Хэнтийн уулархаг нутаг, Туул, тэрэлж голын хөндийгөөр -22...-26°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -12...-16°C, бусад нутгаар -18...-22°C байдаг.
Хур тунадас: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 4–10 мм, Алтайн нуруу, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм, арванхоёрдугаар сард Увс нуурын хотгор болон Орхон, Сэлэнгийн сав газраар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм, нэгдүгээр сард Увс нуурын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог.
Арваннэгдүгээр сар: Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нийлбэр хур тунадас Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно.
Арванхоёрдугаар сар: Агаарын дундаж температур Баян–Өлгийн, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нийлбэр хур тунадас Өмнөговийн ихэнх, Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно.
Нэгдүгээр сар: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нийлбэр хур тунадас Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Өвлийн улиралд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тул зуны хугацаанд хуурайшилт ихтэй байсан болон бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц хангалтгүй бүс нутгуудад өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх шаардлагатайг анхаарууллаа.