
Хятадын эрдэмтэд эрхтэн шилжүүлэн суулгах технологид томоохон дэвшил гаргаж, эрхтний хадгалах хугацааг хэдхэн цагаас хэдэн өдөр хүртэл уртасгах боломжтой шинэ арга боловсруулжээ.
Одоогийн байдлаар зүрх, элэг, бөөрний дутагдал зэрэг хүнд өвчний цорын ганц эмчилгээ нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал юм. Гэвч донороос эрхтэн авах үед эсүүд хүчилтөрөгч авч чадахгүй болж, хорт бодис хуримтлагдсанаар эрхтэн доройтож эхэлдэг.
Иймээс эмнэлгүүд донор эрхтнийг хасах температуртай тусгай уусмалд хийдэг. Гэсэн ч зүрх дээд тал нь 6 цаг, бөөр 24 цаг орчим л амьдрах чадвартай байдаг.
Сүүлийн жилүүдэд эрдэмтэд эрхтнийг биеэс гадуур байх үед нь цусны эргэлтийг дуурайлган ажилладаг “machine perfusion” системийг ашиглах болсон. Гэвч эдгээр систем нь ихэвчлэн 0 хэмээс дээш температурт ажилладаг тул хадгалах хугацааг хангалттай уртасгаж чаддаггүй.
Хятадын судлаачид “Multithermic Machine Perfusion System” (MTMP) нэртэй шинэ систем боловсруулсан бөгөөд энэ нь 37°C-ээс −150°C хүртэл өргөн температурын хэлбэлзэлд ажиллах боломжтой аж.
Тэдний туршилтаар хархны зүрх, туулайн болон гахайн бөөрийг −150°C температурт 7 хоног хадгалсны дараа амжилттай сэргээж, шилжүүлэн суулгасан байна. Судлаачид “Энэ систем нь температур, даралт, урсгалыг нарийн хянах боломжтой бөгөөд эрхтэн хадгалах технологийн томоохон сул талыг шийдвэрлэж чадна” гэж мэдэгдсэн.
Хэрэв ийм технологи өргөн хэрэглээнд нэвтэрвэл эрхтэн шилжүүлэн суулгах хүлээлгийн жагсаалтыг богино хугацаанд багасгах боломжтой гэж үзэж байна. Тухайлбал АНУ-д одоо хаягдаж буй зүрхний эрхтнүүдийн тал хувийг ашиглаж чадвал 2–3 жилийн дотор бүх хүлээлгийн жагсаалтыг арилгах боломжтой гэж судалгаанд дурджээ.
Шинэ технологи нь эрхтэн хадгалах хугацааг 24 цаг ба түүнээс дээш болгох замаар олон хүний амийг аврах боломжтой гэж эрдэмтэд онцолж байна.