Эрт цагт хүмүүс нар мандахад сэрж, харанхуй болмогц амарч унтдаг байв. Энэ нь зүгээр нэг зуршил биш харин бидний биед байгалиас заяагдсан дотоод цаг буюу биологийн хэмнэлтэй шууд холбоотой байжээ.

Гэтэл өнөөдөр хотын амьдрал, дэлгэцийн хурц гэрэл, байнгын яарсан хэмнэл, стресс зэрэг нь энэ дотоод хэмнэлийг алдагдуулахад хүргэж байна. Үр дүнд нь орондоо орсон ч нойр хүрэлгүй, бодолд дарагдан хөрвөөх нь олон хүний хувьд энгийн үзэгдэл болжээ. Тэгвэл энэ мэт нойргүйдэл давтагдсаар байвал бие махбод болон сэтгэл зүйн тэнцвэрт байдал алдагдаж, аажмаар нойрны хямралд хүргэх эрсдэлтэй аж.

Хүний нойр ойролцоогоор 90 минутын мөчлөгөөр явагддаг бөгөөд энэ нь гүн нойр, хөнгөн нойр, мөн REM буюу зүүдний үе шатуудаас бүрддэг. Эдгээр шат тус бүр нь тархи болон бие махбодийн нөхөн сэргэлт, сэтгэл санааны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Харин биологийн хэмнэл доголдох үед энэ мөчлөг алдагдаж, нойрны чанар муудахад хүрдэг. Үүний улмаас унтаж байгаа ч амарч чадахгүй байх мэдрэмж төрөх, мартах, төвлөрөх чадвар буурах, стресс нэмэгдэх зэрэг сөрөг өөрчлөлтүүд хүний биед илэрдэг. Улмаар энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл зөвхөн тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, зүрх судасны өвчин, сэтгэл гутрал, дархлаа сулрах зэрэг олон төрлийн эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

“Шөнө 3 цагт сэрэх” үзэгдэл

Сүүлийн жилүүдэд “шөнө 3 цагт сэрэх” гэх түлхүүр үг дэлхий даяар хамгийн их хайсан нойрны сэдвүүдийн нэг болоод байна. Google Trends-ийн мэдээллээр уг үзэгдэлтэй холбоотой хайлтын тоо эрс нэмэгдэж, Tik-Tok дээр уг сэдвийг хөндсөн бичлэгүүд 30 мянгаас 2.5 сая хүртэл хандалт авсан нь энэ асуудал зөвхөн хувийн гэхээсээ нийтлэг үзэгдэл болсныг харуулж буй. Үүнийг хүмүүс янз бүрээр тайлбарлах бөгөөд зарим нь гүнзгий стресс, дотоод түгшүүрийн илрэл гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь бүр сүнслэг хүчний оролцоо ч байж мэднэ хэмээн ярьж, тайлбарлаж буй. Тэгвэл АНУ-ын Weill Cornell Medicine болон NewYork-Presbyterian эмнэлгийн Нойрны төвийн судлаачид уг үзэгдлийг биологийн тогтолцоотой холбон тайлбарлаж байна. Дээр дурдсанчлан хүний нойр 90 минутын мөчлөгөөр хөнгөн, гүн, зүүдний үе шатаар давтагддаг бөгөөд шөнийн 3 цагийн үед бид гүн нойрноос гарч, хөнгөн нойр руу шилждэг. Энэ үед гаднын өдөөгч хүчин зүйлс болох гэрэл, дуу чимээ, утасны дохио, тэр ч байтугай дотоод сэтгэлийн айдас тархийг сэрээх “команд” өгөх магадлал өндөр байдаг.

Мөн хүний биед өглөөг угтдаг хэмнэл буюу гормоны цагийн зохицуулалт гэж бий. Тухайлбал, стрессийн гормон болох кортизол өглөөний 6-8 цагийн хооронд оргилдоо хүрэх ёстой байдаг. Гэвч архаг стресс, сэтгэлзүйн ачаалалтай хүмүүст энэ хэмнэл алдагдаж, шөнийн 2-4 цагийн хооронд гэнэт кортизол ихэсдэг. Үр дүнд нь зүрх дэлсэх, бие халаах, түгших зэрэг шинж илэрч, хүн өөрийгөө “аюулд орсон” мэтээр мэдэрч сэрдэг байна. Хэрэв энэ нь тогтмол, давтамжтай илэрч байвал таны дотоод цаг алдагдаж, бие махбод хариу үйлдэл үзүүлж эхэлснийг илтгэнэ хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж буй.

“Эмзэг цаг”-ийн сүүдэр

Нойргүйдлийн эмгэг дэлхийн хэмжээнд “чимээгүй тахал” болон өргөжиж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нэг тэрбум гаруй хүн ямар нэг хэлбэрийн нойрны хямралтай амьдарч байгааг тогтоосон бөгөөд насанд хүрэгчдийн нь 30-40 хувь нойргүйдлийн төрөл бүрийн асуудалтай тулгарч байна. Түүнчлэн, байнгын нойргүйдэлтэй хүмүүс нийт хүн амын 10-15 хувийг эзэлж байгаа нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буйг илтгэж буй.

Нойргүйдлийн гол шалтгаан нь сэтгэл зүйн дарамт, стресс, архаг ядаргаа, сэтгэл гутрал зэрэг сэтгэлзүйн болон физиологийн хүчин зүйлсээс шалтгаалдаг аж. Эдгээр шалтгаанууд даамжирсаар нойргүйдэлд хүргэх бөгөөд энэ нь зөвхөн хувь хүний бус, нийгмийн эрүүл мэндийн томоохон сорилт болдог. Тухайлбал, нойргүйдэл нь ажлын бүтээмж буурах, анхаарал төвлөрөлт сулрах, ажлын осол аваар нэмэгдэх, эрүүл мэндийн зардал өсөх зэрэг олон талын сөрөг үр дагаврыг бий болгодог. Жишээ нь, АНУ-д жил бүр нойргүйдлээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 400 тэрбум ам.доллароор хэмжигддэг болохыг RAND Corporation-ийн судалгаанд дурджээ. Энэ нь зөвхөн байгууллагын хувьд бус үндэсний хэмжээнд хүртэл нойргүйдлийн нөлөө ямар гүнзгий байгааг харуулж буй.

Нойргүйдлийн хамгийн эмзэг бөгөөд аюултай үр дагавар нь сэтгэл гутрал, амиа хорлолтын эрсдэлтэй уялддаг. Судалгаагаар хүний сэтгэл зүй 2-4 цагийн хооронд хамгийн эмзэг, тогтворгүй болж, стрессийн даах чадвар эрс буурдаг нь тогтоогдсон байдаг. Энэ цаг үед сэтгэл гутрал, түгшүүр сэдэрч, гүн хямрал эрчимжих магадлал өндөр байдаг тул амиа хорлолтын оролдлогын 40 орчим хувь нь “эмзэг цаг” буюу шөнийн дунд үеэр бүртгэгддэг байна.

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар шөнийн 3 цагийг хүний ухамсрын хамгаалалт хамгийн сул, сэтгэл зүйн шүүлтүүр унтардаг үе гэж үздэг. Үүний улмаас буруу шийдвэр гаргах эрсдэл нэмэгддэг аж.

Мөн энэхүү “эмзэг цаг”-ийн үзэгдэл нь зөвхөн орчин үеийн сэтгэл судлалаар хязгаарлагддаггүй. Эртний Европын соёлд шөнийн 3 цагийг “witching hour” буюу сүнслэг идэвхжил, харанхуйн хүчнүүд оргилдог цаг гэж үздэг байжээ. Харин орчин үеийн түүхэнд, ялангуяа тоталитар дэглэмийн үед улс төрийн баривчилгаа, эрүүдэн шүүлтийг яг энэ цаг үед хийдэг байсан нь үүнтэй холбоотой гэж тайлбарладаг.

Дотоод цагаа тогтоох дадал

Хэдийнэ газар авсан нойрны асуудал өнөөдөр дэлхий даяар анхаарах ёстой чухал асуудлын нэг болсон тул улс орнууд нойргүйдэлтэй тэмцэхийн тулд цаг алдалгүй олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна. Жишээ нь, Финланд, Япон зэрэг орнууд ажиллах цагийн зохицуулалтыг өөрчлөх, ажилчдын стрессийг бууруулах, нойрны эрүүл мэндийг дэмжих сургалт, нийгмийн дэмжлэгийн хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж байна.

Түүнчлэн АНУ, Их Британи зэрэг улсад нойрны эрүүл мэндийг сайжруулахын тулд нойрны эмч мэргэжилтнүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нойрны төвүүд байгуулж, олон нийтэд нойр ба стрессийн менежментийг талаарх мэдлэгийг түгээх ажил эрчимжжээ.

Бизнесийн байгууллагууд ч ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж, ажиллах цагийн уян хатан зохицуулалт, стресс удирдах сургалт, оффисын орчныг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн бүтээмжийг дээшлүүлэхийг зорьдог болсон байна. Энэ нь нойргүйдлийн нөлөөг бууруулж, улмаар эдийн засгийн алдагдлыг багасгахад хувь нэмэр оруулж буй. Харин хувь хүмүүсийн хувьд нойргүйдэлтэй тэмцэх хамгийн эхний чухал алхам нь электрон хэрэглээгээ хязгаарлаж, байгальтайгаа нийцсэн амьдралын хэмнэлийг сэргээхэд анхаарч байна. Ийнхүү энэхүү энгийн өөрчлөлт нь дотоод цагийг тогтворжуулж, сэтгэл зүй, бие махбодын тэнцвэрт байдлыг сэргээхэд тусалж буй аж.