
Балба улсын түүхэн сонгуулийн үр дүн улс төрийн томоохон өөрчлөлтийг авчирлаа. Дөнгөж дөрвөн жилийн өмнө байгуулагдсан Растрия Сватантра нам үнэмлэхүй олонх болж, Балбын хосолмол сонгуулийн тогтолцоонд бараг боломжгүйд тооцогдож байсан ялалтыг байгуулжээ.
Тус намыг репперээс улс төрч болсон Балендра Шах удирддаг. Сонгуулийн үр дүнгээр Балбын улс төрийг олон арван жил ноёрхсон хуучин элитүүд шахагдаж, удаан тогтносон эрх мэдлийн бүтэц үндсэндээ нурсан гэж ажиглагчид дүгнэж байна.
Энэ өөрчлөлтийн хамгийн тод жишээ нь Балендра Шах Балбын өмнөх Ерөнхий сайд КП Шарма Олийг Жхапа-5 тойрогт ялсан явдал байв. Энэ тойрог нь олон жилийн турш Олигийн бат бөх түшиц газар гэж тооцогдож иржээ.
Иргэд өөрчлөлт хүсэж байна
“Бален бол Балбад шинэ улс төрийн соёл бий болох найдвар” Жхапа-5 тойргийн сонгогч Испа Сапкота BBC-ийн сэтгүүлчид хэлжээ. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар Балба улс одоо тодорхойгүй шинэ улс төрийн үе рүү орж байна. Засгийн газар удирдаж байсан туршлагагүй залуу нам улс орныг удирдах бөгөөд ард иргэд хурдан бодит өөрчлөлт хүлээж байгаа юм.
35 настай Балендра Шах улс төрийн ердөө гурван жилийн туршлагатай. Тэрээр нийслэл Катманду хотын захирагчаар ажиллаж байсан юм. Гэсэн хэдий ч олон сонгогчид түүнийг улс төрд шинэ хүн гэдгийг сул тал биш харин давуу тал гэж үзэж байна. Учир нь энэ нь Балбын улс төрийг олон жил ноёрхсон хуучин үеийн алдаанаас сална гэсэн дохио гэж тэд үзэж байгаа аж.
Намын сурталчилгаанд Балендра Шах болон намын дарга Раби Ламичхане нар бетон ханыг нурааж буй зураг ашигласан бөгөөд дээр нь “Бид ирлээ” гэсэн уриа бичигджээ. Гэхдээ Балендра Шахыг чиглэсэн шүүмжлэл байхгүй гэсэн үг биш. Тэрээр Катманду хотын захирагч байхдаа гудамжны худалдаачдыг зайлуулах, зөвшөөрөлгүй бизнесүүдийг хаах ажиллагаанд цагдааг ашигласан нь хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлд өртөж байв.
Хүний эрхийн Human Rights Watch байгууллагын Азийн хэлтсийн захирал Минакши Гангули BBC-д хэлэхдээ “Шинэ удирдагчид хурдан үр дүн харуулахын тулд ийм хатуу арга барил ашиглах тохиолдол элбэг. Ерөнхий сайд болсны дараа дүрэм журамд тулгуурласан засаглалдаа илүү анхаарна гэж найдаж байна” гэв.

Авлигатай тэмцэх амлалт
Растрия Сватантра намын гол амлалт бол авлигатай тэмцэх явдал юм. Тус нам 1990-ээд оноос хойш эрх барьж байсан улс төрчдийн хөрөнгийг шалгаж, хууль бусаар олсон хөрөнгийг улсын мэдэлд авах амлалт өгсөн байна.
Тэд:
Үндсэн хуулийн шинжээч Бипин Адхикари энэ шинэчлэлд төрийн байгууллагууд дэмжлэг үзүүлж магадгүй гэж үзэж байгаа аж. Тэрээр “Төрийн алба олон жилийн турш улс төржсөн. Харин одоо илүү бие даан ажиллах боломж гарч ирж байна” хэмээн тайлбарласан байна.
Төрийн албанд шинэ урамшууллын систем
Растрия Сватантра намын ахлах удирдагч, шинээр сонгогдсон парламентын гишүүн Шишир Ханал төрийн албан хаагчдын цалин, дэвшилтийн тогтолцоог өөрчлөх хууль санаачлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. “Бид төрийн албан хаагчдын цалин, албан тушаал ахих системийг шинэчлэх хууль өргөн барина. Ингэснээр илүү эерэг урамшууллын бүтэц бий болно” хэмээн үүнийгээ бататгасан юм.
Эдийн засгийн сорилтууд
RSP нам эдийн засгийг сэргээх том амлалт өгсөн байна. Балбын залуучууд ажилгүйдэл, боломж хомс байгаад ихээхэн бухимдалтай байдаг.
Одоогийн байдлаар залуучуудын ажилгүйдэл ойролцоогоор 20 хувь, 3 сая орчим Балбын иргэн гадаадад ажиллаж байна. Гэвч зарим шинжээчид тус намын эдийн засгийн зорилтыг хэт өөдрөг гэж үзэж байна. Намын мөрийн хөтөлбөрт Балбын эдийн засгийг жил бүр 7 хувиар өсгөж, таваас долоон жилийн дотор 100 тэрбум ам.долларын эдийн засаг бий болгоно гэж тусгасан байна.
Дэлхийн банкны мэдээллээр Балбын эдийн засаг 2025 онд 4.6 хувь өсөх төлөвтэй бөгөөд өсөлт удаашрах магадлалтай гэжээ.
Гадаадад ажиллагсдаас хамааралтай эдийн засаг
Өөр нэг эрсдэл нь Ойрх Дорнод дахь мөргөлдөөний нөлөө гэж Балбын Өмнөд Азийн судалгааны төвийн захирал Нишчал Н. Пандей анхааруулжээ. Балбын олон иргэн тэнд ажилладаг бөгөөд гадаадад ажиллагсдын илгээдэг мөнгө буюу remittance нь Балбын ДНБ-ийн дөрөвний нэгээс илүү хувийг бүрдүүлдэг.
Тэрээр “Хэрэв энэ орлогын урсгалд өөрчлөлт орвол Балба ноцтой эдийн засгийн асуудалтай тулгарна” гэв.
Балбын иргэд, ялангуяа залуучууд улс төрийн өөрчлөлтийг хүчтэй шаардаж байгаа бөгөөд эрх баригчдыг хариуцлагатай байлгахыг хүсэж байна. Ийнхүү Балендра Шах болон Растрия Сватантра намын ялалт Балбад шинэ улс төрийн үеийг эхлүүлж байгаа ч энэ зам ямар үр дүнд хүрэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.