Өчигдөр Улаанбаатар хотын төв талбайд гүйгчид цугларч энэ жилийн хамгийн чухал сорилтыг хийлээ. 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн “Улаанбаатар марафон” энэ жил 10 дахь жилийн ойтойгоо золгожээ. Цар тахлын үед нэг жил өнжсөн тус марафон тасралтгүй үргэлжилж гүйгчдийн баярын өдөр болсон байна.
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцож өмнөх жилүүдийн оролцогчдын тоог ахиулжээ. Мөн энэ жил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд шилдгүүдийг тодрууллаа. Мэргэжлийн тамирчид гүйдэг 21 км, 42 км зайд Кени, Этиоп, Япон, ОХУ-ын тамирчид урилгаар оролцсон байна.
Марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх, барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлснийг “Hipay” компани хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллажээ. Олон улсын гүйлтэд оролцсон иргэд өнөөдрөөс эхлэн өөрийн зургаа авах боломжтой болсон байна. Өчигдөр төв талбай болон тусгай зам орчимд сайн дурын 450 оюутан залуус сонгогдон ажиллажээ.
Мөн “Улаанбаатар марафон”-ы 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Энэ үзэсгэлэнд анх зохиогдож эхэлсэн 2004 оны ховор агшин болон өнгөрсөн жилийн гүйгчдийн фотог үзэгчдийн хүртээл болгосон байна.
Олон улсын гүйлтийн мэргэжлийн хагас /21 км/ болон бүтэн /42 км 195/ марафонд урилгаар оролцсон Кени, Японы улсын тамирчид шилдэг амжилтыг үзүүлж алтан медалийн эзэд боллоо.
Эрэгтэйчүүдийн 42 км 195 метр зайн уралдаанд Кени улсын тамирчин Киура Дэнис Мугэнди хамгийн шилдэг нь байж “Улаанбаатар марафон 2025” тэмцээний аварга болжээ.
Эмэгтэйчүүдийн бүтэн марафонд “Токио 2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлоо хангасан Г.Хишигсайхан түрүүлжээ. Тэрээр өнгөрсөн жилийн аварга юм. Хэт холын зайн гүйлтээс марафоны 42 км 195 метр зайг сонгож олимп, ДАШТ-д оролцсон Г.Хишигсайхан “Улаанбаатар марафон”-д гурав дахь удаагаа түрүүллээ. Түүний хувьд ирэх есдүгээр сард Япон улсад болох хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ-д Б.Мөнхзаяагийн хамт оролцохоор болсон юм.
Мөн эмэгтэйчүүдийн 21 км зайн уралдаанд Япон улсаас ирж оролцсон Акемото Ай хамгийн шилдэг цагийн амжилтыг үзүүлж түрүүллээ. Түүний хувьд 2023 онд “Улаанбаатар марафон”-д анх удаа оролцож байсан бол энэ жил аварга болжээ.
Эрэгтэйчүүдийн 21 км зайн уралдаанд Д.Гантулга түрүүлсэн байна. Тэрээр ирэх сард БНСУ-д болох 10 км зайн уралдаанд оролцох болсноо хэлсэн. Монголын шилдэг тамирчдын нэг Д.Гантулга энэ жилийн хамгийн чухал сорилтоо “Улаанбаатар марафон”-д хийснээ хэлж байв.
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт нь гэр бүлийн 1,5 км болон 5 км, 10 км зайн уралдаанаар үргэлжилсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт болж шилдгүүдийг тодрууллаа.