
Жил бүрийн улсын төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн, хуульд заасан тусгай шаардлагын дагуу боловсруулдаг.
Ирэх гурван жилийг “дунд хугацаа” гэж үзэж, тухайн жилийн хүлээгдэж буй гүйцэтгэл болон ирэх гурван жилийн макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан төсвийн бодлогын баримт бичгийг “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл” гэдэг бөгөөд жил бүрийн тавдугаар сарын 1-нээс өмнө УИХ-д өргөн барих хуультай. Энэ хүрээнд Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-ий өсөлтийн хэмжээ, инфляцын түвшин, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл, нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ, нэгдсэн төсвийн суурь тэнцэл, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс хуваарилах зардлын дээд хэмжээг тус, тус тусгадаг. УИХ-д өргөн мэдүүлсэн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд Монгол Улсын эдийн засгийг 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6 хувь, 2029 онд 6.3 хувиар өсөхөөр тусгасан бол инфляцыг ирэх онд 7 хувьд хүрч алгуур буурснаар 2028 онд 6 хувь, 2029 онд 5 хувьд хүрч Монголбанкны зорилтот интервалын доод хэмжээнд хүрэхээр төсөөлжээ. Харин Нэгдсэн төсвийн орлогын доод хэмжээг 2027 онд 34.8 их наяд, зарлагын дээд хэмжээг 36.5 их наяд байхаар тусгаж, 2029 онд төсвийн орлогын доод хэмжээ 39.7 их наяд, зарлагын дээд хэмжээ 40 их наяд давахаар тооцжээ.
Засгийн газрын өрийн хэмжээ 2027- 2028 онд ДНБ-ий 50 хувь, 2029 онд 45 хувьд хүрэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хэдийгээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд зарим макро эдийн засгийн үзүүлэлтийг оновчтой төсөөлсөн ч төсвийн орлогын төсөөллийг өмнөх жилүүдийн адил хэт өөдрөг тооцсон гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлээд эхэлсэн. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд туссан эдгээр макро болон төсвийн үзүүлэлтийн төсөөллөөс илүүтэй энэ хуулийн төслийг дагалдуулж өргөн барьсан хоёр хуулийн төсөл гол шүүмжлэл дагуулж байна.
Тухайн жилийн төсвийг боловсруулахаас эхлээд гүйцэтгэл хүртэл дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтийг хангасан байхыг хуульчилсан байдаг ч аль, аль шатандаа хэрэгждэггүй. Сүүлийн жилүүдэд Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь бэлэг тэмдгийн шинжтэй болж, хавар нь баталсан хуулиа намар нь өөрчлөх, нэг удаагийн хууль батлах замаар төсвийн, макро эдийн засгийн үзүүлэлт, төлөвийг өөрчилдөг жишиг тогтоод буй. Энэ онд ч энэ байдал үргэлжлэх нь. Учир нь Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг дагалдуулж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах
1 дүгээр зүйл. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийн “түүний нэмэлт, өөрчлөлтийг ”, “төсвийн тодотголын” гэснийг тус тус хассугай.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
Одоо үйлчилж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, түүний нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш гурваас доогүй сарын хугацаанд харгалзах тухай жилийн төслийн төсөл, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх, батлахыг хориглоно” гэж заажээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн
Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг бол Монгол Улсын дунд хугацааны төсөв, санхүүгийн бодлогын баримт бичиг. Ирэх гурван жилийн Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлого, зарлагын төсөөллөө гаргаж, төсвийн талаар баримтлах бодлогын гол чиглэлээ тодорхойлж, цаашид бид ийм хязгаартайгаар, энэ хүрээнд төсөв, эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн хариуцлага, сахилга батын дүрэм болсон зохицуулалтууд Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд туссан байдаг. Харин энэ удаагийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлтэй дагалдаж өргөн барьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь төсвийн сахилга, хариуцлагын энэ гол зохицуулалтыг үгүй хийхээр харагдаж байна. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ баталсан ч энэ нь тогтвортой биш, баталсны маргааш ч өөрчилж болох үүд хаалгыг энэ хуулиар нээнэ гэсэн үг. Уг нь нэг жилийн төсөв нь дунд, урт хугацааны бодлогын баримт бичигтэйгээ уялдах ёстой ч манайд эсрэгээрээ нэг жилийн төсөвтөө тааруулж дунд, урт хугацааны бодлогоо өөрчилдөг гажуудал үүсээд байна.
Нээлттэй нийгэм форумын дэргэдэх төсвийн зөвлөлийн гишүүн А.Батпүрэв
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр төсөв боловсруулах хүрээ хязгаарыг тодорхойлж өгдөг ч сүүлийн жилүүдэд төсвөө өргөн барихдаа энэ хүрээ хязгаараа өөрчилж байгаад баталдаг болчихсон. Өөрөөр хэлбэл, энэ хүрээнд багтааж ажлаа хийгээрэй гэхээр энэ хүрээ чинь багадаад байна томруулчихъя гээд төсвийн төслөө боловсруулж байгаа нь төсөвт тавих парламентын хяналтыг сулруулах, төсвийн тогтвортой байдал хангагдахгүй байхад нөлөөлж буй гол асуудал. Харин одоо хийх гэж байгаа Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсны дараах гурван сард тодотгол хийхгүй гэдэг энэ заалтыг өөрчилснөөр төсвийн хүрээний мэдэгдэл батлах, дунд хугацаанд эдийн засаг, төсвөө төлөвлөхийн ач холбогдол байхгүй болно гэсэн үг.
Засгийн газрын санхүүгийн байдал дунд болон урт хугацаанд тогтвортой, зээлийн эрсдэл бага байхыг төсвийн тогтвортой байдал гэнэ гэж Дэлхийн банк тодорхойлсон байдаг. Үе үеийн Засгийн газар нь санхүүгийн эрсдэлээ бага байлгах хамгийн чухал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрсдийн санаачилгаар өөрчилсөөр, 2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өнгөрсөн хугацаанд 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Зарим жилд 4-5 удаа, 2025 онд л гэхэд гурван удаа энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ онд ч дахиад өөрчлөх нь.
ЭЗХЯ-ны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан
Энэ жилийн хувьд төсвийн орлогын нөхцөл байдал хангагдахгүй байх эрсдэлтэй байгаа. Иймээс бид зарим шаардлагагүй зардлыг эрт хасах хэрэгцээ үүсэж магадгүй. Тэгэхээр өнгөрсөн жилийнх шиг нэг удаа хууль өргөн барих уу, эсвэл төсвийн тодотгол хийх нөхцөлд хугацаа зааж байгаа энэ хуулийн заалтыг өөрчлөх үү гэдэг сонголттой тулгарсан. Тэгээд бид энэ удаад төсвийн тодотгол хийхэд 3 сарын хязгаарлалтыг мөрддөггүй болох энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.
Ерөнхий сайд Н.Учралын зүгээс 2026 оны төсөвт тодотгол хийх хуулийн шаардлага үүсээгүй учраас эхний хагас жилийн төсвийн үзүүлэлтээ харна гэж мэдэгдсэн. Гэхдээ УИХ-д өргөн бариад буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийн төсөл нь удахгүй төсөв тодотгох нь гэх дохио гэлтэй. 2026 онд улсын төсвийн орлогыг 31.9 их наяд төгрөг, зарлагыг 32.9 их наяд төгрөг, төсвийн алдагдлыг 1 их наяд төгрөг байхаар баталсан ч оны эхний гурван сарын байдлаар улсын төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөгт хүрчээ. Эдийн засгийн идэвхжил суларч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хүндэрсэн учраас татварын орлого буурч байна гэж зарим намын зүгээс мэдэгдсэн бол жил бүрийн эхний улиралд төсвийн орлого буурдаг жишиг бий гэх тайлбарыг ч албаныхан хэлдэг.
2025 оны төсвийн алдагдал нэмэгдэж, орлого их хэмжээгээр буурсан учраас 2026 оны төсөвт төвлөрөх ёстой 981 тэрбум төгрөгийн орлогыг урьдчилан авч, 2025 онд орлогоор бүртгэж зардлын санхүүжилтээ үргэлжлүүлсэн гэж Сангийн яамнаас мэдээлсэн учраас энэ хэмжээний дүнгээр 2026 оны төсөв тасрах эрсдэлтэй. Иймээс ч “тодотгол” хийхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд дээрх өөрчлөлтийг хийх шаардлагатай талаар Эдийн засаг, хөгжлийн яамнаас тайлбарласан.
2026 оны Төсвийн тодотголын асуудал зөвхөн энэ дүнгээр биш дахин “нэг их наяд төгрөг”-ийн бодит хэрэгцээтэй нүүр тулаад буй. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед хэрвээ зардал нэмбэл, тухайн нэмэгдсэн зардлын дүнгээр өөр зардлыг хасах ёстой. Нэмбэл хас гэх энэ зарчим 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх үед хангагдаагүй. УИХ-ын нэгдсэн чуулганаар 2026 оны төсөв батлахтай зэрэгцэж, багш эмч нар цалингаа нэмүүлэхээр жагссан. Олон хоног үргэлжилж, хичээл сургалтын үйл ажиллагаа зогсоход хүрсэн энэ жагсаалын шаардлагыг тухайн үед шийдэж, төсөвт тусгалаа гэж Засгийн газар мэдэгдсэн ч тооцооллыг дутуу хийсэн нь 2026 онд ч багш, эмч нарын цалингийн асуудал үргэлжлэх шалтгаан болсон. Эрүүл мэндийн салбарын албан хаагчдын үндсэн цалинг наймдугаар сараас эхлэн сар бүр 9 хувиар нэмэхэд 150 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бол боловсролын салбарын албан хаагчдын үндсэн цалинг аравдугаар сарын 31 хүртэл 50 хувиар, арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэхэд 822.2 тэрбум төгрөг шаардлагатай. Их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа цалингийн нэмэгдлийг төсөвт тодотгол хийж шийдэхээс аргагүй.
Энэ онд тодотголоор дээрх санхүүжилтийг шийдсэн ч ирэх жилүүдийн төсвийн урсгал зардлын дүнд нөлөөлнө. Иймээс 2026 оны төсвийг дагалдуулж баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар 2026 оны татварын жилд сарын 1 сая хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 50 хувийг, 1 сая төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварын 20 хувийг, харин 2027 оны татварын жилээс эхлэн сарын 0-500 мянга хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 100 хувийг, 500 мянгаас 1 сая хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 50 хувийг, 1 сая төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварын 20 хувийг буцаан олгохоор тусгасан.
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх энэ хуулийн зохицуулалт 2026 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжих учраас 2026 оны төсөвт нөлөө байхгүй. Энэ оны IV улирлын буцаан олголт 2027 оны I улирлаас олгогдох бөгөөд ирэх оны төсөвт буцаан олголтоор 1.6 их наяд төгрөгийн татварын орлого буурах тооцоо гарчээ. Иймээс ч 2027 оны төсвөөс урьтаж НӨАТ-ын энэ хуулийг хүчингүй болгохоор дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг дагалдуулж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өргөн бариад байна. НӨАТын буцаан олголтыг нэмэхгүйгээр Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн хүрээнд ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөд орж байгаа өөрчлөлтөөр иргэдийн орлогыг дэмжих хувилбарыг Засгийн газар сонгожээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028- 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг дагалдуулж өргөн барьсан дээрх хоёр хуулийн төсөл нь Засгийн газрын санал төдий. Харин эдгээр хуулийн төслийг УИХ хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь эцсийн шийдвэр болох юм.