
Сурагчийн дүрэмтээр гоёсон багачууд энд тэндгүй холхиж, зуны турш эл хуль байсан гудамж олны хөлд дарагджээ. Биесээ санасан бас багахан бишүүрэхсэн үе тэнгийнхэн нэг дор чуулж, сурагчид шуугилдах чимээ хаа сайгүй цангина. Цэцэг барьж, үрсээ хөтөлсөн ээж, аавууд сургууль, цэцэрлэгийн орчимд хөлхөх нь ч энэ өдрийн “тод өнгө, гол чимэг”. Ийнхүү зугаатай зун шувтарч, өрнүүн намар эхэлснийг гэрчлэн хичээлийн шинэ жил эхэллээ.

2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 75 838 зургаан настай хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцахаар байна. Харин сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар 242 742 хүүхэд бүртгүүлснийг Боловсролын яамнаас мэдээллээ.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын бүтэц, сургуулийн ачааллыг бууруулах зохицуулалт, сурагчдын эрүүл мэндийн эрт илрүүлэг зэрэг хэд хэдэн шинэ арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Сургуулийн ачааллыг бууруулж, хүүхдүүдийг гэртэй нь ойр сургах зорилгоор “Хотхоны бага сургууль”, “Бага сургууль”, “Багийн бага сургууль” гэсэн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлж байна. Энэ хүрээнд цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулах, хувийн сургуулийн сул суудлыг ашиглах, сургалтын байр түрээслэх замаар хотхоны бага сургуулиудад нийт 26 992 суралцагчийг хамруулахаар төлөвлөжээ.
