
BTS хамтлагийн ахлагч RM буюу Ким Намжүн АНУ-ын Сан-Франциско хот дахь Орчин үеийн урлагийн музейд анхны кураторын үзэсгэлэнгээ толилуулах гэж байна.
“RM x SFMOMA: Between You and Me” нэртэй уг үзэсгэлэн нь түүний олон жилийн турш цуглуулсан орчин үеийн урлагийн бүтээлүүдийг музейн сан хөмрөгийн бүтээлүүдтэй зэрэгцүүлэн харуулж буйгаараа онцлог. Үзэсгэлэнд RM-ийн хувийн цуглуулгын 140 гаруй бүтээлээс гадна "Sfmoma"-ийн сангаас сонгосон бүтээлүүд багтаж буй. Ийнхүү нийтдээ 180 орчим бүтээлийг нэг дор үзүүлжээ.
RM уг үзэсгэлэнг "Sfmoma"-ийн куратор Америко Кастильо, туслах куратор Хёын Ким нартай хамтран боловсруулсан бөгөөд байгаль, дурсамж, гэр орон, хүсэл тэмүүлэл зэрэг сэдвээр найман хэсэгт хуваасан байна.
Үзэсгэлэнд Юн Хёнгүн, Пак Рэ Хён, Чан Үжин зэрэг Солонгосын модерн, орчин үеийн урлагийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдийг Ким Хванги, Нам Жүн Пайк, Марк Ротко, Анри Матисс, Агнес Мартин зэрэг олон улсын уран бүтээлчдийн бүтээлтэй харилцан яриа үүсгэх маягаар зохиомжлон байршуулжээ. RM бүтээлүүдийг зөвхөн сонгоод зогсохгүй үзэсгэлэнгийн тайлбар, ханын бичвэрүүдэд оролцож, англи болон солонгос хэл дээрх аудио тайлбарыг өөрийн дуу хоолойгоор бэлтгэсэн аж. Мөн үзэсгэлэнгийн орчинд эгшиглэх хөгжмийн жагсаалтыг өөрөө сонгожээ. Тэрээр урлагийг дэлхийн хэмжээний уран бүтээлчийн амьдрал дахь өөрийнх нь мэдрэмж, бодлыг тогтоон барих чухал зүйл хэмээн тайлбарлаж, энэхүү үзэсгэлэнг өөрийгөө урлагаар дамжуулан танилцуулах нэг арга гэж тодорхойлсон байна.
Үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 3-нд нээлтээ хийх бөгөөд 2027 оны хоёрдугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ.