Индонезийн Флорес арал дээрх Левотоби Лаки-Лаки галт уул дахин оргилж, тогооноос нь гарсан утаа 10 км-ийн өндөрт хүрчээ. Үүнтэй холбогдуулан Бали болон Флорес арлын нислэгүүдийг цуцалж, онцгой байдлын дөрөвдүгээр түвшний аюул зарлаад байна. Галт уул өнгөрсөн гуравдугаар сард нэг удаа оргилж байсан бөгөөд энэ долоо хоногт дахин идэвхэжжээ. Нутгийн эрх баригчид тогооны ойролцоох 7 км бүсэд зорчихыг хориглож, оршин суугчдыг амны хаалттай явахыг уриалав. Түүнчлэн, Бали руу чиглэсэн Австрали, Хятад, Энэтхэг, Шинэ Зеланд, Сингапурын хэд хэдэн нислэгийн компани нислэгээ зогсоосон бөгөөд нөхцөл байдал тогтворжих хүртэл шийдвэрээ хойшлуулахаар болжээ. Одоогоор галт уул дэлбэрсний улмаас ямар нэг онц ноцтой гарз хохирол амссан тохиолдол гараагүй байна. Гэхдээ ширүүн бороо орвол лахар буюу галт уулын үер үүсэх өндөр эрсдэлтэй байгаа талаар анхааруулаад байна.
Лаки-Лаки нь Перемпуан гэх галт уултай зэрэгцэн оршдог бөгөөд сүүлийн жилүүдэд олон удаа идэвхжиж, мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байжээ. Тухайн үед галт уулын тогооноос гарах уур манан утаа 8 км-ын өндөрт хүрсэн байна.