
БНХАУ-ын Шинтай хотод даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоон хоногийн турш болж, өчигдөр хаалтаа хийлээ. 15 орны 350 орчим тамирчин таван насны ангилалд өрсөлдөхөд Монголын баг дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл, нийт 10 медальтай багийн дүнгээр түрүүлж, цомын эзэн болжээ. Ингэснээр 2022 оноос хойш таван жил дараалан аварга багаар тодорч байна.
Манай өсвөрийн даамчдаас хөвгүүдийн В16 насанд Ц.Шинэбаян, В13 насанд Б.Маргад-Эрдэнэ, охидын G10 насанд Н.Гуамарал, залуучуудын ангилалд Э.Даариймаа нар түрүүлж, дэлхийн аварга боллоо. Залуучуудын ангилалд өрсөлдсөн Э.Даариймаа сүүлийн тоглолтоос өмнө дэлхийн аварга цолны болзол хангасан юм. Тэрээр “Алтан хүү” клубт Олон улсын их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын удирдлага дор бэлтгэлээ хийж, Монголын даамчдаас өсвөрийн болон залуучуудын ангилалд дэлхийн аварга цолыг хоёуланг нь хүртсэн анхны тамирчин болов.
Түүнчлэн хөвгүүдийн В8 насанд Б.Содбилэг, B10 насанд Б.Алтан-Эрдэнэ, G16 насанд Б.Сансармаа нар мөнгөн медаль хүртжээ. Мөн B16 насанд Т.Энхсүлд, В8 насанд Л.Тэмүгэ, G8 насанд О.Гэгээ нар дэлхийн аваргын хүрэл медальтан болжээ.
