
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн зорилтын тэргүүнд малтмал түлш тэр дундаа нүүрсээс татгалзан ногоон эрчим хүчнээ шилжих төлөвлөгөө бичигдсэн. Харьцангуй чинээлэг агаад аж үйлдвэржсэн Их долоогийн бүлэг 2035 он гэхэд нүүрсний эрчим хүчнээс бүрэн татгалзах бол хөгжингүй орнууд 2030 он, харин хөгжил буурай орнууд олон улсын санхүүгийн тусламжтайгаар 2040-өөд он гэхэд нүүрсэн цахилгаан станцуудаа хаах зорилт тавьсан билээ. Гэвч Оросын Украинд эхлүүлсэн дайн Европын эрчим хүчний тогтолцоог донсолгож, Дональд Трампын бодлого АНУ-ын нүүрсний зах зээлийг ахин сэргээн, Ойрхи Дорнодын мөргөлдөөн байгалийн хийн нийлүүлэлтийг саатуулж үнэ нэмэгдсэнээр нүүрснээс татгалзах төлөвлөгөө хойшилж мэдэхээр нөхцөл байдал бүрэлдлээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай цаг агаарын хэт халалт, хүйтрэл, үер ус зэрэг байгалийн гамшгийн нөлөө ч ногоон эрчим хүч үйлдвэрлэлийн найдвартай байдлыг сорьж буй.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) 2026 оны есдүгээр сарын шинэчилсэн тооцоогоор дэлхийн нүүрсний эрэлт өмнөх төсөөлөл шиг буурах биш, харин эсрэгээрээ өсөх хандлагатай аж. 2025 онд нүүрсний хэрэглээ 0.3 хувиар нэмэгдэж, 8.84 тэрбум тоннд хүрсэн бол 2026 онд дахин 1.2 хувиар өсөж, 8.94 тэрбум тоннд хүрэхээр тооцжээ. Ингэснээр нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрэх юм.
Хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд нүүрсний гүйцэтгэсэн үүрэг асар их. Нүүрс түлж уурын тэрэг хөлөглөсөн аж үйлдвэрийн анхдугаар хувьсгалаас хойш удаах үйлдвэржилтийн үсрэнгүй хөгжил цөм хар алтад түшиглэж байв. Хүлэмжийн хий ялгарлын “гол буруутнаар” нэрлэгдэж нүүрсний оронд хийн хэрэглээ өсөн, сэргээгдэх эрчим хүчний технологи хөгжсөнтэй зэрэгцээд 2019, 2020 онд нүүрсний үйлдвэрлэлд бууралт ажиглагдсан. Гэвч 2021 онд Глазгод болсон уур амьсгалын дээд хэмжээний уулзалтаар нүүрсний хэрэглээг бүрмөсөн хорихоос илүүтэйгээр нүүрсхүчлийн хийн цэвэр ялгарлыг тэглэх нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх илүү уян хатан, бодит шийдэл гэдэгт санал нэгдсэн юм. Чухамдаа улс орнууд боломжийн үнэтэй, хүртээмжтэй түлшнээс тийм ч амар татгалзах бодолгүй байсан хэрэг.
2025 онд дэлхий даяар 97.4 ГВт шинэ нүүрсний цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал ашиглалтад орсон нь 2015 оноос хойших хоёр дахь өндөр үзүүлэлт. Үүний 78.1 ГВт нь Хятад, 10 ГВт нь Энэтхэгт ногджээ.
Global Energy Monitor
2022 онд Украины дайн эхэлснээр эрчим хүчний хямралд орсон Европт байгалийн хийн үнэ тэнгэрт хадаж, нүүрс хэдэн жилдээ л ганц олдоцтой хувилбарт тооцогдох болсон. Нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн өнгөрсөн өвлийн дараа Олон улсын эрчим хүчний агентлаг 2026 оныг эргэлтийн жил болно хэмээн таамаглаж байв.
Гэвч Дональд Трамп хөндлөнгөөс оролцсоноор байдал бүхэлдээ өөрчлөгдөв. Эхлээд тэрээр өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены ногоон бодлогыг үгүйсгэж, малтмал түлш үйлдвэрлэгчдийн эрх ашгийн төлөө сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг сааруулсан. Ингээд зогссонгүй Иран руу дайрахаар шийджээ.

Дайн болон Ормузын хоолойн хоригоос шалтгаалан Ойрхи Дорнодоос нийлүүлдэг нефть, байгалийн хийн тээвэрлэлт бараг бүрэн тасалдлаа. Ази, Европын томоохон худалдан авагчид дахин нэг удаа боломжийн үнэтэй, уламжлалт хувилбар болох нүүрс рүү шилжихээс өөр аргагүйд хүрэв.
Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн зун уур амьсгалын хямрал дэлхий нийтийг нөмрөн авлаа. Агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрсэн аагим халуунд сэрүүцүүлэгч төхөөрөмжийн хэрэглээ үлэмж нэмэгдсэн нь дайны улмаас үүссэн эрчим хүчний хомсдолыг улам хурцатгасан. Бүр огт санаанд ороогүй нь Номхон далайд урьд хожид үзэгдээгүй хүчтэй ЭльНиньо үзэгдэл бүрэлдэж эхэлсэн тул хөргөлтийн эрчим хүчний эрэлт хойшид ч нэмэгдэнэ гэсэн үг. Энэ тохиолдолд усан цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэл буурах төлөвтэй байгаа юм. Иймд Олон улсын эрчим хүчний агентлаг таамаглалаа шинэчлэн харж, нүүрсний салбарын уналтыг дахин хойшлуулахаар шийджээ.Тус агентлагийн шинжээчид өнгөрсөн өвөл 2026 онд нүүрсний эрэлт 2025 оны дээд үзүүлэлтээс бараг 1.5 хувиар буурна гэж тооцоолж байсан бол одоо 1.2 хувиар өсөх төлөвтэй байна гэж үзэж буй аж.
Нүүрс нэгэн цагт дэлхийн гол түлш байсан ч 1960-аад онд нефтэд байр сууриа алдсан. Одоо дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 33.5%-ийг газрын тос, 28%-ийг нүүрс, 25%-ийг хий эзэлж байна. Нийт нүүрсний бараг гуравны хоёрыг цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор шатааж байна. Ойролцоогоор 13 хувь нь төмөрлөгийн үйлдвэрлэлд, үлдсэн 20 хувь нь бусад салбар, голчлон химийн үйлдвэрүүд хэрэглэдэг.
Эрчим хүчний салбарт нүүрсийг байгалийн хийгээр орлох үйл явц идэвхтэй өрнөсөн. Учир нь хийн цахилгаан станцууд нүүрснийхээс хамаагүй өндөр үр ашигтайн дээр хүлэмжийн хийн ялгаруулалт нь бараг хоёр дахин бага аж. Иймээс нүүрсний эрин үе төгсөх тухай бүх таамаглалын үндэс нь нүүрсний оронд байгалийн хий ирнэ хэмээх итгэл үнэмшил дээр тулгуурлаж ирсэн билээ.
Гэтэл байгалийн хий үйлдвэрлэгч томоохон орнууд найдвартай нийлүүлэгч гэсэн нэр хүндээ алдаж эхлэв. Эхлээд ОХУ Европ руу нийлүүлэх хоолойгоо хаасан бол одоо Азийн эрчимтэй хөгжиж буй эдийн засагт шингэрүүлсэн хий нийлүүлэгч Катар улсын ээлж иржээ. АНУ болон Израилийн цохилтын хариуд Иран улс холбоотон Катар дахь дэлхийн хамгийн том шингэрүүлсэн хийн үйлдвэрийг бөмбөгдөж, хүчин чадлынх нь 17 хувь ашиглалтаас гарлаа. Ийнхүү Ази, Европ болон бусад бүс нутгийн хэрэглэгчид хямд агаад харьцангуй цэвэр эрчим хүчний найдвартай эх үүсвэр болох шингэрүүлсэн хийд найдаж байсан итгэл алдарчээ. Тэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжихийн зэрэгцээ бүрхэг тэнгэр, салхигүй нөхцөлд эрчим хүчний сүлжээний ачааллыг зохицуулахын тулд нүүрсэн цахилгаан станцуудыг ажиллуулж эхэллээ.
2021-22 оны эхээр Кремлийн эрчим хүчний хямралтай тулгарсны дараа дэлхийн хамгийн олон хүн амтай, хөгжиж буй хоёр том эдийн засаг болох Хятад, Энэтхэг улсууд нүүрсэнд түшиглэх болсон.
Хятад, Энэтхэгийн хувьд дотоодын нүүрсний үйлдвэрлэл нь эрчим хүчний аюулгүй байдлын чухал элемент болсон. 2021 онд нийлүүлэлт тасалдаж, нүүрсний хомсдол үүссэний дараа хоёр улс үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлж, түүхэн дээд хэмжээнд хүргэсэн. Гэвч эрэлт нь үйлдвэрлэлээ гүйцэхгүй байсан тул нөөц нь өссөн.
ОУЭХА
Энэтхэг болон Хятад улсын эрчим хүчний нийт эрэлт өссөн хэдий ч хагас зууны түүхэнд өнгөрсөн жил анх удаа төлөвлөснөөс бага нүүрс олборлон нүүрсэн цахилгаан станцуудынхаа үйлдвэрлэлийг бууруулжээ. Энэ бүхэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн огцом өсөлтийн үр дүн.
Олон улсын эрчим хүчний агентлагийн үзэж байгаагаар 2026 онд нүүрсний эрэлт өсөж байгаа хэдий ч олборлолт 2 хувиар буурах төлөвтэй. Гэвч үүнээс хойш юу болохыг зөвхөн Трамп болон Ираны хувьсгалт гвард хамгаалагчид л мэдэх биз.
“2027 оны таамаглал Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс бүрэн шалтгаална. Хэрэв Ормузын хоолойгоор дамжих шингэрүүлсэн хийн нийлүүлэлт сэргэвэл дэлхийн нүүрс олборлолт ойролцоогоор 0.3 хувиар нэмэгдэнэ” хэмээн шинжээчид мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, юу ч өөрчлөгдөхгүй. 0.3 хувийн өсөлт гэдэг бодит утгаараа зогсонги байдлыг л илэрхийлнэ.
Хэрэв Ираны дайн үргэлжилбэл дэлхий дахинд нүүрсний гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэх болно. Энэтхэг зэрэг олон орны Засгийн газрууд эрчим хүчний аюулгүй байдлын үүднээс бохир түлшний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа бол Казахстан зэрэг бусад орнууд экспортын орлогоо урьдчилан тооцоолж үйлдвэрлэлээ нэмэгдүүлж буй.
Үүний зэрэгцээ, Хятад улс цахилгаан эрчим хүчний салбарт хийг, харин химийн үйлдвэрт газрын тосыг нүүрсээр орлож байна. Өмнөд хөрш хуванцар, бордоо болон бусад химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор газрын тосны оронд нүүрсийг ашигладаг дэлхийн хамгийн том нүүрс-химийн салбарыг бий болгожээ.
Хятадаас гадна Азийн орнууд нүүрсний хэрэглээгээ үлэмж нэмэгдүүлсэн. ОУЭА Энэтхэг, Индонез, Вьетнам, Филиппин зэрэг орнуудын эдийн засаг өсөж, цахилгаан эрчим хүчний эрэлт салхин турбин, нарны цахилгаан станц барихаас давж байгаа тул нүүрсний эрэлт өсөх төлөвтэй байна гэж үзэж байна. Харин өндөр хөгжилтэй эдийн засагтай орнууд 2027 онд нүүрсний хэрэглээгээ бууруулах аж. Учир нь Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлж байгаа бөгөөд АНУ-ын бизнес эрхлэгчид Трампын хүчин чармайлтыг үл харгазан илүү хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй түлшийг илүүд үзэж байна.
“Ормузын хоолойн тогтворгүй байдал нь 2027 онд дэлхийн нүүрсний эрэлтийг урьдчилан таамаглахад ихээхэн хүндрэл учруулж байна. Хэрэв хийн хангамж дайны өмнөх түвшинд эргэн орж, үнэ буурвал нүүрсний эрэлт 0.4 хувиар буурч магадгүй. Эс тэгвээс дахин өсөх болно” гэж Олон улсын эрчим хүчний агентлаг анхаарууллаа.