
Хонконгийн цагдаагийн газраас хараат бус хоёр номын дэлгүүрийг нэгжиж, "Засгийн газрыг эсэргүүцсэн, үзэн ядалтыг өдөөсөн" ном борлуулсан хэргээр таван хүнийг баривчилсан байна.
Баривчлагдсан 30-59 насны таван иргэнийг Үндэсний аюулгүй байдлын хууль зөрчсөн хэргээр яллаж долоо хүртэлх жилийн хорих ял оноож болзошгүй.
Нэгжлэгт өртсөн Have A Nice Stay дэлгүүр нь ардчилал, хэвлэл мэдээллийн боловсролын чиглэлийн ном зардаг, чөлөөт сэтгүүлчдийн үүсгэн байгуулсан газар юм. Харин Greenfield Book Store нь түүх, гүн ухаан, социологийн чиглэлийн ном худалдаалдаг аж. Зэргэлдээ орших өөр нэгэн дэлгүүр мөн нэгжлэгт өртсөн байна.
Энэхүү баривчилгаа нь 2026 он гарснаас хойш Хонконг дахь хараат бус номын дэлгүүрүүдийг нэгжсэн дөрөв дэх тохиолдол болж байна. Өмнө нь гуравдугаар сард Book Punch, зургаадугаар сард Hunter дэлгүүрүүд мөн адил цагдаагийн шалгалтад өртөж байв.
Хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллагаас үүнийг буруутгаж, Хонконг зөвхөн номын тавиур дээрх номоосоо болж эрүүгийн хэрэгтэн болдог айдас, цензурын талбар болон хувирч байгааг анхааруулжээ.