
Энэтхэгийн хойд хэсгийн Бихар мужид сонсголын бэрхшээлтэй 17 настай хүү крикетийн тоглолтын үеэр гаргасан чанга дууг буруу ойлгосноос болж зодуулж амиа алдсан хэрэг гарчээ.
17 настай Кундан Кумар ням гарагт Вайшали дүүрэгт гар утсаараа найзуудтайгаа хамт Крикетийн ДАШТ финалын тоглолтыг үзэж байх үедээ халдлагад өртсөн байна. Тоглолт Энэтхэг болон Шинэ Зеландын багуудын хооронд болсон юм.
Кундан төрснөөсөө хойш хэл ярианы бэрхшээлтэй байсан бөгөөд Энэтхэгийн багийн эхний тамирчин хасагдах үед чанга дуу гаргажээ. Гэвч түүний дууг бусад залуус Энэтхэгийн багийн эсрэг баярласан гэж буруу ойлгож маргаан эхэлсэн байна.
“Энэтхэгийн эхний тамирчин гарсны дараа Кундан чанга орилсон. Тэд үүнийг баярласан гэж ойлгож, түүнийг зодсон” гэж хүүгийн ээж The Times of India-д ярьсан байна.
Зодооны үеэр Кундан хүнд гэмтэл авч, эхлээд Манхар эрүүл мэндийн төвд хүргэгдсэн байна. Байдал нь сайжраагүй тул Патнагийн эмнэлэгт шилжүүлэхээр авч явах замд нас баржээ.
Цагдаагийн дэд дарга Правийн Кумар энэ хэрэг крикетийн тоглолт үзэхтэй холбоотой маргаанаас үүдэлтэй гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр маргааны үеэр Кундан түлхэгдэж чулуун дээр унасан нь хүнд гэмтэл авахад хүргэжээ.
Хэрэгт сэжиглэгдэж буй өсвөр насны этгээд одоогоор зугтаасан бөгөөд цагдаа нар түүнийг баривчлахаар эрэн сурвалжилж байна.