
Хүүхдэд зориулсан зохиол, ном хэвлэл, зураг зэрэг аливаа бүтээлийг туурвихаасаа өмнө “Хүүхэд яг юу сонирхдог вэ” гэж өөрөөсөө асууж үзсэн хүн ер нь хэд байдаг бол. Магадгүй, хүүхэд үүнийг нь сонирхдог гэсэн үүднээс дээрх зүйлсийг бүтээчихдэг хүмүүс дийлэнх хувийг эзлэх болов уу. Энэ нь мэдээж томчууд өөрсдийн үзэл бодлыг хүүхдэд шуудхан тулгачихаж байгаа хэрэг. Түүнийгээ дагаад ч олон асуудал үүсдэг. Харин тэдгээр асуудлыг эрхэм уран бүтээлчид соёлтой яриа, өнөөх л том хүний үзэл бодлоор шуудхан няцааж орхихоос өөр тоймтой хариулт хэлдэггүй нь олонтаа.“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц нь хүүхдийг хөгжүүлэх, сонирхолыг нь татах, нас сэтгэхүйд тохирсон олон номуудыг эрхлэн гаргахаас гадна сонгодог зохиолуудыг насны онцлогт нь зориулан “Хүүхдэд зориулав” гэсэн дэд гарчигтайгаар уншигчдад хүргэсээр байна. Мөн үүнээс гадны насны ангилалд тохируулан “Монгол үлгэрүүд” зурагт ном, “Хүн ба амьтан” зэргээс гадна олон цуврал төслүүдийг хэрэгжүүлж буй юм.Тиймээс эл бичвэрт “Жангар” редакцийн зураач Э.Базаррагчааг онцоллоо.

Зураач Э.Базаррагчаа нь “1001 шөнийн үлгэр”, “365 үдэш”, “Алим”, “Хараайцай Хэдгэнэ хоёр”, “Жангар” зэрэг хүүхдийн номын арав гаруй бүтээлүүд дээр ажиллаж иржээ. Өдгөө тэрээр “Жангар” редакцаас тун удахгүй хэвлэгдэх “Хүн ба амьтан” танин мэдэхүйн цувралын анхны бүтээл болох “Эх орон” номын зураг дээр ажиллаж буй юм.Хүүхдийн номын зохиолч, зураач болохын тулд “хүүхэд шиг байна” гэдэг угаас ядмагхан ойлголт гэдгийг уншигч бүр мэдэх биз. Харин хүүхдийн дунд байж, тэдэнтэй ойлголцох, ярилцах, зан аашийг нь судлах бол уран бүтээлчид зайлшгүй хэрэгтэй зүйл мөн. Ер нь аливаа нэг ажил мэргэжлийг сонгож авсан бол өөрийгөө хэрхэн боловсруулах вэ гэдэг л юу юунаас илүү чухал. Бусдыг нь “Хүүхэд наснаас дурсамж л үлддэг юм шүү” гэх үгс бүрнээ төлөөлж чадна.Э.Базаррагчаа зураачийн бүтээлүүдээс олон талт чанар анзаарагдана. Энэ нь хүүхдийн номын зураачид байж болох хамгийн гол шинж юм. Түүний зурсан бүтээлүүд нь бага, дунд болон алхах ангийнхных гээд нас, насныханд зориулсан, тусдаа агуулга хийц, ур сэтгэмжтэй ажээ. Ямар ч үе шат руу хөрвөж чаддаг байх нь хүүхдийн номын зураачид хамгийн хэрэгтэй чанар болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Үүнээс гадна сэтгэлгээ ч мөн чухал гэдгийг зурсан бүтээлүүд нь илтгэж өгнө. Хар бараан, эрчимтэй дүрслэлүүдийг аль номын зургуудад түлхүү ашиглаж, гэгээлэг, өнгөлөг зургуудыг ямар тексттэй уяж болох вэ гэдгийг анзаарч байж л номын зураг бүтэхээс гадна олон удаагийн туршиц, уйгагүй оролдлого, хөдөлмөрийн үр шимээр жинхэнэ мөн чанараа олж бяцхан уншигчдийн алган дээр очдог байх. Зураачийн ажлын явц, бүтээсэн номынх нь зургуудыг үзээд хамгийн түрүүнд ийм бодлууд төрж байлаа.

Монгол ардын үлгэрүүдийн зохиол, агуулгыг шинэчлэн хүүхдийн зурагт ном болгох цувралын ажил өнгөрсөн 2020 онд өрнөж, номууд уншигчдын гарт хүрсэн юм. Тэдний нэг нь зураач Б.Базаррагчаагийн бүтээл “Хараацай Хэдгэнэ хоёр”-ын үлгэр билээ.Зохиолын гол дүр болох хараацай, хэдгэнэ хоёрыг хүүхдийн төсөөлөлд өөр өнцгөөс харуулахыг зорьсноор барахгүй илүүтэй хүншүүлсэн хэлбэр дүрстэйгээр зохиомжилсон байна. Номын эхний нүүрийг нээхэд л бяцхан үзэгчдэд зориулсан театрт орох гэж буй мэт улаан хөшигтэй зураг үзэгдэнэ. Тэгээд л уншигчид маань үзэгчдийн дүрд хувирч хараацай, хэдгэнэ хоёрын тоглолтыг үзнэ гэсэн үг. Тиймдээ ч амьтад болоод тус номд гарах моддын дүрийг хүншүүлэн зурсан нь шинэлэг бөгөөд туйлийн оновчтой шийдэл байв. Өнгөний сонголтын хувьд тун гэгээлэг, тод өнгөнүүдийг сонгосон нь бага насны хүүхдүүдийн сонирхлыг татахуйц юм.Өөр нэгэн онцлох зүйл бол “сарнилт”. Зурагт дүрүүдийн өнгө тод гарах боловч байгалийн болон моддын царайнаас гадна их биеийнх нь хэсгүүд сарниж, бүдгэрүүлсэн мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Энэ нь дүрийг хүүхдэд илүү тод харагдуулахаас гадна хараацай тэнгэрт хэрхэн нисэн дүүлж буйг илтгэх зураачийн нэгэн арга барил юм. Мэдээж шувуу тэнгэрт хөдөлгөөнгүй салхины аясаар жигүүрээ дэлгээд агаарт тогтчихоогүй эцэж, цуцталаа нисэж буй учраас л тухайн номын хуудсанд дүрслэгдсэн бусад зүйлсийн дэргэдүүр хурдтай өнгөрч байгаа мэт санагдаж байна.Энд л хамгийн гол нь хүүхдийн номын зургийг нарийн сайн тунгаан бодож, өчүүхэн жижиг зүйлсэд ч анхаарал хандуулдаг байх ёстой нь анзаарагдана.

Хүүхэд их сониуч. Томчуул зарим зүйлсийг “хэрэгцээгүй” гэж боддог бол хүүхдэд бүр өчүүхэн жижиг зүйлс ч сонирхолтой байдаг байна. Тэд гашуун эмнээс илүү чихэрт дуртай байдаг шигээ бичвэрээс илүүтэйгээр номын зурагт татагдах нь мэдээж хэрэг. Гэхдээ хүүхдийн номын зурагт тухайн зүйлсийг байгаагаар нь биш өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжийн дагуу л буулгах хэрэгтэй. Impression буюу сэтгэгдэл гэх үгнээс гаралтай уран зургийн төрөл үүнд илүү чухал үүрэг гүйцэтгэнэ.“1001 шөнийн үлгэр”-үүд номын зураг ч дээрх төрөлд хамаарагдана. Мэдээж үйл явдалтайгаар холбоотой дүрүүдийг урласан ч тэднийг илүү өнгөлөг, хүүхдийн анхааралд өртөхүйц дүрсэлжээ. Мөнхүү номонд гарах хүмүүсийн нүдэнд айсан, гайхсан, баярласан зан чанарын шинж тэмдэгүүд тодхон илэрсэн байна. Хүүхэд бичвэрээс гадна зургийг үзчихээд л “Энэ хүн айсан байна, юу болсон бол” хэмээх сониуч зандаа хөтлөгдөх нь мэдээж.Жишээ нь нэгэн өвгөн уул мэт аварга том бирдтэй уулзаж буй хэсгийн дүрсэлсэн зураг бий. Тус зурагт бидрийн хормойгоор уур манан, утаа ороосон байдлаар зуржээ. Энэ нь уулын орой эмжээрлэсэн манан шиг төсөөлөгдөхөөс гадна өнөөх бирдийг уул шиг том хэмжээтэй гэдгийг хүүхдийн бодолд ургуулж өгнө. Хөөсрөн буй далайн давалгаа нь монгол зургийн уламжлалт аргаас сэдэлжсэн байх буюу хээ угалз зурах аргаар бүтээгджээ.Аварга бирдийн тав гэзэг, ооч сахал нь ч ялгаагүй дорнын хүмүүсийн дүр төрхийг илтгэж байна. Харин өвгөний өмссөн хувцас, цагаан сахал, бор шаргал царай нь яг л араб үндэстнийг санагдуулна. Ийнхүү аливаа бүтээлд үндэстний онцлогийг нарийн титалууд дээр шингээхээс гадна уг номын зургуудыг хосолмол шинжээр туурвисныг онцлон дурдууштай.Нөгөөтэйгүүр бичвэр болон зураг хоёр хоорондоо уусан нэгдэж байх ёстой ч зураач бичвэрийн орон зайг бодож зургуудаа бүтээжээ. Зурагт номын зургийн хувьд тексттэй чухал уялдаа холбоог үзүүлж байх шаардлагатай. Үүнийг яг таг баримталсан нь ихэнх зургуудаас ажиглагдаж байлаа.Харин зарим нөхцөлд номын зургийг бичвэрээс нь тусгаарлаж нэг хуудсыг бүхэлд нь чимэглэн зурах арга ашигласан байна. Мэдээж тус номын ихэнх нөхцөлд 10-аас дээш насны хүүхэд унших учир энэ арга хамгийн тохиромжтой байж таарна. Учир нь энэ зохиол бол арабын шөнийн нууцлаг ертөнцийн хэзээд үл дуусах шидэт үлгэрүүд билээ. Зургууд нь ч мөн тэр л ид шидлэг, олон өнгийн бүхэл бүтэн цоо шинэ ертөнцийг хүүхдийн өмнө дэлгэж тавьжээ. Ихэвчлэн тод болон хар хөх, усан цэнхэр өнгийн нийлэмжүүдийг түлхүү ашигласан нь мөнөөх л шидэт орон зайн ахуйтай холбогдох буюу.

Дараагийн онцлох зургууд бол тун удахгүй уншигчдын хүртээл болох “Эх орон” танин мэдэхүйн номын бүтээлүүд юм. Магадгүй танин мэдэхүйн ном нь хүүхдүүдэд олон талт мэдлэг, мэдээллийг өгөх, аливаад суралцахад чухал үүрэгтэй. Тэр ч утгаар нь зураач нь бодит ахуй, түүхэн үйл явдлуудыг нэгэн том дэвсгэртэд олноор багтааж өгөхийг зорьсон байна.Уг бүтээлүүд дэлхий дээр динозаврууд амьдарч байсан цаг үеэс авахуулаад галав юүлэх, эртний хүмүүсийн үүсэл болоод амьдралын тэмцэл, түүхэн ба орчин үе хүртэлх цаг үеийг хамрана. Хамгийн чухал түүхэн үеийн үнэ цэнийг хүүхдүүдэд ойлгуулахад чиглэгджээ. Тиймээс зураач энэ удаад бодит баримтад тулгуурлан илүү чөлөөт, нэгжилсэн үйл явдлуудтай зургуудийг бүтээсэн нь илт. Ийнхүү баримтад тулгуурлаж буй учраас зураачийн хувьд шинэ сорилт болсныг Э.Базаррагчаа онцлон дурдаж байв. Харин уг бүтээлийн зургууд орчин үеийн хүүхдийн хамгийн дуртай тоглоомуудын нэг болох лего өрж, эвлүүлж байх шиг мэдрэмжийг төрүүлнэ. Түүхэн цаг үеийг харуулсан зурагт цайзын хана хэрэм, эртний үеийн цөлд ургасан цэцэг ногоо, баатруудын унасан морьдын дэл сүүл, зэр зэвсэг нь яг л лего өрөөд тавьчихсан мэт зураглалуудтай. Магадгүй зураач үүнийг тооцоолж, бүтээлдээ шингээгүй байж мэдэх боловч ийм шинэлэг санааг бий болгож чадсан нь эл номын зургуудийн хамгаас онцлох илэрхийлэл мөн

Мэдээж туульсийн номын дүрүүд нь баатарлаг шинжтэй, хүдэр чийрэг, илд бамбай агсаж, эрэмгий хүлэг унаж, эзэн хааны өргөөнд сууна. Мөнхүү үйл явдал нь илүү эрчимлэг тул зургуудыг өөрийн гэсэн дотоод хөдөлгөөнтэй, зураас бүр нь салхи мэт агуулгыг хөндөж байх ёстой. Энэ л чанарууд “Жангар” номын зургуудад бэлхнээ шингэжээ.Мөн үүнээс гадна зохиолд гарах жижиг үйл явдлын хэсгүүдийг орхигдуулалгүй зурж бүтээсэн нь номыг улам баялыг болгож өгчээ. Зургууд нь хар бор, цайвар шаргал, хүрэн өнгөнүүдийн нэгдэл. Нэг тийм эртний туульсийн зураг байхаас өөрцгүй бодолд уншигчийг автуулна. Хар цагааны хослол мэт тийм л өнгөтэй зургууд домгийн чинад руу хүүхдүүд зорчих тухтай суудлын тасалбарыг өвөртлүүлэх билээ.Тус бүтээлийн хувьд текст 50, зураг мөн 50 хувийг ижил тэнцүү эзлэх учраас нэг хуудсыг бүхэлд нь дүүргэх томоохон зургууд бий. Элдэв төрлийн мангас, дайчин баатруудыг өөрсдийн гэсэн эрчим, хөдөлгөөнтэйгээр бүтээж өгсөн нь зургийн гол амин сүнс болжээ. Үүнээс гадна зарим нэг үхэл, хядлага зэргийг хүүхдүүд зориулж эерүүлэн буулгасан байна.Зургуудыг харахад л хувцас хэрэгслийг тун нарийн дүрсэлсэн нь илэрхий бөгөөд тэдгээрээс үйл явдал нь аяндаа уншигдана. Судалгаанаас үзэхэд хүүхэд бага насандаа номын гол баатрын үйл явдлыг сонирхож эхлэхийн зэрэгцээ сэтгэл хөдлөлд нь өөрчлөлт ажиглагддаг байна. Дөнгөж хэлд орсон хүүхэд “Энэ юу вэ” гэсэн асуултыг тавьж эхлэхээс авхуулан түүнд зурагт ном үзүүлж ажиллахад сайн үр дүн гардаг ажээ. Тиймээс ч зурагт номын ач холбогдол их байгаа юм.