
Өнөөдөр бол хөгжмийн салбарын хувьд шинэ бүтээлүүд сонсогчдод хүрэх “New Music Friday” өдөр.
Эл өдөр Бейонсе, Элли Гулдинг, "Касабян", Адела, Сэм Томпкинс зэрэг олон уран бүтээлчдийн шинэ дуу, цомгууд нийтэд цацагдаж байгааг "Official Charts" онцлов.
Америкийн супер од Бейонсе хоёр дахь студийн цомог болох “B'Day” бүтээлийнхээ 20 жилийн ойн тусгай хувилбарыг гаргалаа. 2006 онд анх худалдаанд гарсан энэхүү цомог нь “Deja Vu”, “Irreplaceable”, “Beautiful Liar” зэрэг дэлхийд хит болсон дуунуудаараа хөгжмийн түүхэнд үлдсэн бөгөөд шинэ хэвлэлд "B-side" бичлэгүүд, испани хэл дээрх хувилбарууд болон өмнө нь цөөн сонсогдсон ховор дуунууд багтжээ.
Харин Британийн дуучин Элли Гулдинг зургаа дахь студийн цомог болох “I Know Too Much”-оо албан ёсоор сонсогчдод хүргэв. Тэрээр уг цомгийг амьдралынхаа онцгой үеийг тэмдэглэсэн хөгжмийн өдрийн тэмдэглэл хэмээн тодорхойлж, өмнө нь гаргасан “Black Prada Dress”, “Ravers” зэрэг синглүүдээ шинэ бүтээлийн гол өнгө төрх болгожээ. Дөрвөн удаа Их Британийн цомгийн жагсаалтыг тэргүүлж байсан Эллигийн хувьд тус цомог нь электро-поп, эмзэг баллад, мөн хувь уран бүтээлчийн өгүүлэмжийг нэгтгэсэн шинэ үеийн бүтээл хэмээн хөгжмийн хэвлэлүүд онцлов.
Мөн Лестер хотын алдарт рок хамтлаг "Касабян" ес дэх студийн цомог болох “ACT III”-аа өнөөдөр гаргалаа. Энэ бүтээл нь 2024 оны Их Британийн №1 болсон “Happenings” цомгийн дараах шинэ ажил бөгөөд хамтлагийн гитар төвтэй рок хөгжмийг электроник, альтернатив өнгө аястай хослуулсан хэв маягийг үргэлжлүүлжээ.
"Official Charts"-ийн мэдээлснээр "Kasabian" хамтлаг дараалсан амжилтынхаа үргэлжлэл болгож найм дахь удаагаа жагсаалтын оргилд хүрэх зорилготой байгаа бол “ACT III” нь тэдний сүүлийн жилүүдийн хамгийн өндөр хүлээлттэй рок цомгуудын нэгээр нэрлэгдээд байсан юм.