Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний 10, 11, 12, 13, 14, 15 насныхны улсын аварга шалгаруулах тэмцээн болов. Барилдаанд 19 аймаг, есөн дүүрэг, 15 клубын нийт 498 тамирчин оролцоход багийн дүнгээр Увс аймаг тэргүүлж, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгийн баг удаалав.
Барилдааны 10 насны ангилалд Баянгол дүүргийн бөх М.Онон, 11 насанд “Ирээдүйн аварга” клубын А.Билгүүнтамир, 12 насанд Булган аймгийн М.Энхманлай, 13 насанд Өвөрхангайн Н.Түвшинсайхан, 14 насанд Увс аймгийн Г.Баттогтох, 15 насанд Сэлэнгэ аймгийн бөх Н.Эрхэмбаяр нар түрүүлжээ.
Д.Цэрэнтогтох аварга үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор “Москва-1980” зуны олимпын наадамд шагналт тавдугаар байр эзэлж, “Тегран-1974” Азийн зуны спортын наадмаас алт, “Шинэ Дели-1982” наадмаас мөнгөн медаль хүртсэн нэрт бөх юм.