
Испанид сүүлийн өдрүүдэд хамгийн олон хүнийг татсан хоёр хүн нь Пап лам Лео XIV болон Пуэрто-Рикогийн алдарт дуучин Бад Банни байлаа.
Пап лам мөргөл, номлолын арга хэмжээнүүдээр цэнгэлдэх хүрээлэн, талбайг дүүргэж байсан бол Бад Банни хэдэн арван мянган хүнийг хамарсан томоохон тоглолтууд хийж байв.
Ватикан тэднийг даваа гараг(2026.06.08)-т Мадрид хотод богино хугацаанд уулзсаныг баталсан ч уулзалтын зураг, бичлэгийг хараахан нийтлээгүй байна. Тиймээс АНУ-д төрсөн анхны Пап ламыг реггетон хөгжмийн супер одтой хамт харна гэж найдаж байсан хүмүүсийн урмыг хугалжээ.
Ватиканы төлөөлөгчийн мэдээлснээр Пап лам Бад Банниг гэр бүлийнхэн болон бусад хүмүүсийн хамт хүлээн авч уулзсан байна.
Уран бүтээлч өөрөө Пап ламтай уулзах хүсэлт гаргасан, мөн гар барих үедээ сэтгэл нь маш их хөдөлсөн байсан талаар Ватикан мэдээлжээ.
Ромоос Мадрид руу нисэх замдаа Пап лам Бад Баннитай өрсөлдөж буй талаар хошигнон ярьсан байна. Учир нь түүний залуучуудтай хийх арга хэмжээ Бад Баннигийн тоглолттой нэг өдөр давхацжээ.
Тэрээр CNN-д өгсөн ярилцлагадаа “Хүмүүсээс Бад Банниг үзэх үү, эсвэл Пап ламыг үзэх үү гэж асуувал олон хүн Бад Банниг сонгоно байх. Гэхдээ бас Пап ламыг үзэхээр ирэх хүмүүс цөөнгүй байх болно. Энэ нь өөрөө их зүйлийг хэлж байгаа юм” гэжээ.
Хэдийгээр хоёулаа олон нийтийг татдаг, мөн ихэвчлэн цагаан хувцас өмсдөг ч тэдний түгээдэг үзэл санаа өөр өөр юм.
Бад Баннигийн дуунууд эмэгтэйчүүдтэй холбоотой чөлөөт харилцааны тухай өгүүлдэг бол Пап лам бямба гарагийн мөргөлийн үеэр гэрлэлтийг хүний амьдралын эрхэм дуудлага гэж онцлон ярьжээ.
Гэсэн хэдий ч тэд хоёулаа АНУ-ын цагаачлалын хатуу бодлогод шүүмжлэлтэй ханддаг бөгөөд хоёул АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шүүмжлэлтэй тулгарч байсан юм.
Лхагва гарагт Пап лам Каталонийн шашны төв болох Монсеррад зочилно. Дараа нь Барселона хот дахь алдарт Саграда Фамилиа сүмд мөргөл үйлдэж, дэлхийн хамгийн өндөр сүм болгож буй шинэ цамхгийг нээх аж.
Түүний Испани дахь айлчлалын төгсгөлд цагаачлалын асуудал гол сэдэв болох бөгөөд Пап лам пүрэв, баасан гарагт Канарын арлуудад очиж, цагаачид болон тэдэнд тусламж үзүүлдэг байгууллагуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.