
БОУАӨЯ, "Монголын шувуу хамгаалах төв" хамтран 15 аймгийн цахилгаан түгээх 69 шугам болон 26 мянга гаруй шонгийн оройг тусгаарлан хөндлөвч бүрээс хийв. Эдгээр тусгаарлагч нь шувуудыг өндөр хүчдэлд цохиулахаас сэргийлж, хамгаалах зорилготой юм.
Цаашид бусад шугам, шонд хамгаалалт хийж, шинээр барих шугамыг анхнаас нь шувуудад аюулгүй төлөвлөхөд эрчим хүчний салбар, хувийн хэвшлийн оролцоо чухал гэдгийг сануулав.
2023 онд хийсэн судалгаагаар шугамын шонг бүрэн хамгаалснаар цахилгаанд цохиулж үхэх нь 95 хувиар багасжээ. Судалгаа, мэдээлэлд тулгуурласан энгийн шийдэл олон мянган шувууг хамгаалах боломжтойг "Монголын шувуу хамгаалах төв"-ийнхөн онцолсон юм.
Монгол бол төв Азийн махчин шувуудын чухал байршил бөгөөд тал хээрийн бүсэд тас, бүргэдийн төрөл олонтоо тааралддаг. Тухайлбал, бүргэд, харцага, сар, тас, ёл, шонхор зэрэг махчин шувууны 40 гаруй зүйл бүртгэгдсэн байдгийг Монголын махчин шувуудын судалгаанд дурджээ.