
Баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчлөл, наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малчид малын бэлчээрлэлт, усны нөөцөд анхаарах шаардлагатай.
Харин төвийн аймгуудын нутгаар 7 болон 8 дугаар саруудад агаарын температур дунджаас дулаан байх хэдий ч хур тунадасны хувьд дунджийн орчим байх төлөв ажиглагдаж байгаа ба түр зуурын усархаг аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхины аюултай үзэгдлийн эрсдэл нэмэгдэж, голын усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй байна.
Түүнчлэн говь болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас ихтэй, сэрүүн, салхитай байх төлөвтэй байгаа тул болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Долоодугаар сар:
Агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговь болон Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтайн нутгаар дунджаас бага, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Наймдугаар сар:
Агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховдын нутаг, Завханы ихэнх, Говь–Алтайн баруун хойд хэсгээр бага, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Есдүгээр сар:
Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна.