
Энэ өдөр алдарт найруулагч Дэвид Финчер төржээ. Дэг журамтай амьдралын цаана ямар нэгэн зүйл үргэлж цагийн зүүний эсрэг чигт хөдөлж байдаг. Финчер харин түүнийг олж хардаг найруулагч. Гэвч буруу зүг рүү хөдөлж буй үйлдэл нь зөвхөн гэмт хэрэг биш. Заримдаа хүн өөрийнхөө амьдралаас хөндийрч, зарим мөчид хэн болохоо ухамсарладаггүй. Үүнээс гадна үнэнийг илчлэх хүсэл ч хүнийг сүйтгэж болно.
Финчерийн киноны дүрүүд аливааг мэдэхийг хүсдэг ч дараа нь аз жаргалтай болдоггүй. Харин ч эсрэгээрээ, үнэнд ойртох тусам өөрсдийн доторх харанхуйтай нүүр тулна. Түүний киноны хүйтэн, нарийн зохион байгуулалттай дүрслэл хүртэл энэ ертөнцийн нэг хэсэг бөгөөд найруулагчийн төгс төгөлдөрт тэмүүлсэн арга барил нь дүрүүдийнх нь хяналт тогтоох гэсэн тэмүүлэлтэй огтлолцож байдаг.
FIGHT CLUB
Финчер уг кинон хүний хоёрдмол туйлт эмгэгийн талаар тун яруу хөндсөн. Тэр сүүдрийг үзэгчдэд дур булаам байдлаар харуулдаг. Гэвч энэ бол туйлын аюултай тал. 1990 - ээд оны үеийн эр хүний доторх төөрөгдөл, нийгмийн хүлээлт, хэрэглээний амьдралын эсрэг бослого нь нэгэн төрлийн дарангуйлал болон хувирч буй санааг Финчер гойд хөндсөн.
Тэрээр хүчирхийллийг хувь хүний дотоод хоосролын хэл болгож хувиргасан билээ. Нударга зөрүүлж байгаа хүмүүс үнэндээ бие биенээ цохих бус мэдэрч байгаа аж төрөхүйгээ нүдэж байдаг. Эцэст нь тэд босгож, бүтээж байгаа зүйлийнхээ боол болно. Энэ бол эрх чөлөөг хүссэн нэгэн эрх түүнийхээ буулганд ахин нэг систем байгуулж, дотоод дахь дарангуйлагчийг устгах оролдлогоор дахин нэг эзэрхийлэгчийг хэрхэн төрүүлж байгааг ёгтолсон бүтээл юм.
SE7EN
Бороонд үжирсэн, гэрэл нь хүртэл бохирдолтод гүн живсэн нэгэн хотод хүмүүс гэмт хэргээс илүү том зүйлтэй нүүр тулгарна. Алуурчин ганцхан хүн биш. Хот өөрөө хүний ёс суртахууны ялзралын биет дүр болж хувирдаг. Финчер долоон нүглийг гэмт хэргийн хэлээр дүрслэхдээ бидний дотоод дахь муу муухай бүхнийг тайлбарлах гэж оролдоогүй. Харин тэрхүү долоон нүгэлтэй хамт нэг өрөөн цоожилж орхидог. Тэгээд л гэмт хэрэгтэн "Эл ертөнц угаас ийм шүү дээ" гэх бодолд автана.
Ер нь уг бүтээл Финчерийн гутранги ертөнцийг улам зузаатгасан санагддаг. Тэнд мөрдөгчид алуурчныг олох гэж явсаар эцэст нь өөрсдөө түүний зохиосон жүжгийн дүрүүд болчихдог. Нэг ёсондоо үнэнийг хайж байгаа хүн юуг хайж байгаагаа үнэхээр мэддэг үү? гэх асуулт мөрдөгчийн дүрийг дагалдана.
ZODIAC
Энэ бол Финчерийн хамгийн хүйтэн кинонуудын нэг. Үзэгчдээс ч тэр нэлээдгүй тэвчээр шаардана. Та энд алуурчинтайгаа бус түүнийг мөрдөж яваа хүмүүстэй хамт оршино. Мөрдлөг аажмаар цагдаа, сэтгүүлч, зураач, энгийн иргэдийн амьдралыг залгиж гэмт хэрэгтний үйлдэл уг гол асуудал байхаа больдог. Тэдний зарим нь ажил, гэр бүл, амьдралаа алдаж, зөвхөн асуултайгаа хоцордог. Гэвч тэр хариулт бүрэн дүүрэн бус байх болно.
"Zodiac" бол “Алуурчин хэн бэ?” гэхээс илүү “Хүн яагаад мэдэхгүй зүйлээ мэдэхийн төлөө бүхнээ золиосолдог вэ?” гэх асуултын өмнө хариулт бэдэрсэн бүтээл. Финчерийн хариултыг хойшлуулж, мөр бүрийг дахин шалгуулж, нэг жижиг деталь дээр дахин дахин тогтооно. Ингэх тусам үзэгч мөрдөгчдийн сэтгэл зүйн байдалд улам автаж, өөрөө ч хариулт хайж эхэлнэ. Ийнхүү кино дуусахад гэмт хэргийн тайлал бус, мөрдөх үйл явц өөрөө хүнийг хэрхэн өөрчилсөн тухай мэдрэмж л үзэгчдийн дотор үлддэг.
THE GIRL WITH THE DRAGON TATTOO
Финчерхүчирхийлэл, мөнгө, гэр бүл, эрх мэдэл, эмэгтэй хүний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн сүлжээг хүйтэн, харанхуй хотод бүтээнэ. Хамгийн сонирхолтой нь Лисбет Саландерын дүр. Тэр ертөнцийн хэв журамд багтахыг хүсдэггүй. Харин хэв журамт ертөнц түүнийг дотроо багтаах гэж оролдох тусам улам хурц, хүйтэн болно. Финчер эмэгтэй дүрийг бусдаар авруулах ёстой хохирогч төдийхнөөр хараагүй юм. Тиймээс Лисбет бол дүрэмд захирагдаагүй дүрүүдийн цоо шинэ хувилбар байлаа.
Тэгээд Финчерийн ертөнцөд гэмт хэрэг хэзээ ч орь ганц хүний үйлдэл байдаггүй. Түүний ард мөнгө, гэр бүл, нэр хүнд, институци, эрэгтэй хүний эрх мэдэл бий. Тиймээс алуурчныг олох нь асуудлын төгсгөл биш. Харин тэр алуурчныг төрүүлж, нууж, тэтгэж байсан ертөнцийг харах нь гол зорилго. Лисбет тэр ертөнцөд өөрийн гэсэн зарчим, шударга ёсоор хариу барина.
THE KILLER
Финчер киноныхоо дүрүүдийн этгээд сонирхол бүрийг нэг хүний дотор багтаах арга сэджээ. Энэ бол "The Killer". Гол дүрийн алуурчин нь аймшигтай, харгис, гажиг мангас биш. Тэр оффисын ажилтан шиг амьдралаа төлөвлөж, бүхнийг жагсааж, минут бүрийг тооцдог мэргэжлийн хүн. Түүний гол чанар нь хүч биш, хяналт. Гэвч кино эхлэх мөчөөс л уг хяналт бага багаар задарч эхэлнэ. Тэгээд Финчер нэг сонирхолтой парадокс үүсгэдэг.
Амьдралаа бүхэлд нь хянаж чадна гэж бодсон хүн туйлын энгийн, өчүүхэн зүйлийн өмнө хамгийн эмзэг нэгэн болж хувирдаг аж. Тэр өөрийгөө төгс ажиллагаатай машин болгосон боловч машинд хүртэл алдаа гардаг. "The Killer" нь Финчерийн өмнөх кинонуудаас танил болсон төгс төгөлдөрт тэмүүлэх, хэт хяналт, эрэгтэй хүний шархалсан хийгээд өөрийгөө үнэлэх мэдрэмжийг илүү хуурай, инээдэмтэй ёгтлолоор үзүүлдэг.