
“Болор судар” хэвлэлийн газраас Төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Шаргачин” өгүүллэгийг хүүхдийн зурагт ном болгон уншигчдад хүргэлээ. Уг өгүүллэгт үрээ хайрлах эхийн сэтгэл ямар агуу хүчтэйг, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлгүй хүмүүс ямар харгис, хүйтэн сэтгэлтэй болдгийг гайхалтай урнаар өгүүлжээ. Нөгөө талаас байгаль дэлхий, ан амьтныг хайрлах, бусдыг энэрэх нинжин сэтгэлийг хүүхдэд номоор дамжуулан олгох юм.
Тус зурагт ном нь “Болор судар” хэвлэлийн газраас хэрэгжүүлж буй “Өв өгүүллэг” төслийн анхны ном аж. Тус төсөл нь Монголын сонгодог өгүүллэгүүдийн орчин үеийн хүүхдүүдэд зориулан зурагт ном болгох, уншигчийн боловсролыг дэмжих, хуучны сайн бүтээлийг нийтэд дахин сурталчлан таниулах зэрэг ач холбогдолтой.
Төслийн удирдагч У.Бямбаням энэ талаар, “Багадаа би Диснэйн “Бэмби” гэдэг хүүхэлдэйн кинонд их дуртай байсан. Тэр дэггүй, сэргэлэн Бэмби нэрт янзага бол миний хайртай дүр. Харин бидэнд, Монголын уран зохиолд ийм бүтээл байжээ гэдгийг сургуульд ороод мэдсэн. Ч.Лодойдамбын “Шаргачин” өгүүллэгийн янзага бол монгол Бэмби. Зохиолын хувьд үнэхээр өр өвтгөм дүрслэлтэй боловч хайр шингэсэн зохиол. Би гурван жилийн өмнө “Ч.Лодойдамба сан”-гийн тэргүүн Л.Энхнасан эгчтэйгээ энэ өгүүллэгийг хүүхдийн ном болгох талаар ярилцаж байсан. Өдгөө ном маань ийнхүү уншигчдын гарт хүрч байна” гэлээ.




Мөн төслийн зөвлөх, тус номын техник редактор, "Лодойдамба сан”-гийн гүйцэтгэх захирал, зохиолчын зээ охин болох Л.Энхнасан “Өвөөгийнхөө хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгийг бяцхан уншигчдадаа зурагт ном болгон хүргэсэндээ баяртай байна. Магадгүй хүүхдүүд дараа нь унтаж хоцорсон бяцхан янзагыг хэрхсэн талаар аав, ээжтэйгаа ярилцаж болно. Номын зургууд бол үнэхээр сайн болсон. Хоёр амины төлөө тэмцэж байгаа шаргачны түүхийг өрөвдмөөр атлаа, хүүхдийн сонирхлыг өдөөхүйц сайн бүтээсэн. Уг төслийг санаачилсан “Болор судар” хэвлэлийн газрын хамт олон талархаж байна” хэмээсэн юм.
“Шаргачин” зурагт номын зураачаар С.Энх-Од ажиллажээ. Тэрээр дан ганц үйл явдлын дагуу дүрслэн зохиомжлоод зогсохгүй шаргачинг хамгаалан, түүнтэй тэмцэж буй бяцхан савдгуудын дүрийг бүтээсэн нь хүүхдийн төсөөллийг баяжуулах, зохиолоос гадна зургийн талаар үргэлжлүүлэн ярилцах боломжийг мөн олгожээ.