Томас Тухелийн дасгалжуулж буй Английн шигшээ баг ДАШТ-ий хасагдах шатны эхний тоглолтод Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын шигшээ багтай тулж, маш хүнд байдлаас мултран 2-1 харьцаатайгаар ялалт байгууллаа. Багийн ахлагч Харри Кэйн хоёр гоол оруулаагүй бол арван жилийн өмнө (Евро 2016) Английн шигшээ баг Исландад хожигдож тэмцээнээс хасагдаж байсан гашуун түүх давтагдахад ойрхон байв.
Английн шигшээ баг энэ хүнд тоглолтын ард гарсанаар шөвгийн 16-д шалгарч, тус тэмцээнийг зохион байгуулагч орон болох Мексикийн шигшээ багтай Ацтека цэнгэлдэх хүрээлэнд тоглохоор боллоо. Хэдийгээр хожсон ч Конгын эсрэг үзүүлсэн сул хамгаалалт, тоглолтын арга барил нь Английн багийг цаашдаа Мексикийг хожиж, шигшээ тоглолтод хүрч чадах уу гэдэгт олон нийтийн дунд эргэлзээ, асуулт дагуулж байна.
Сиэтлд болсон 1/32-ын тоглолтын үеэр Бельги хоёр гоолын зөрүүтэй байсан ч нэмэлт цагт Сенегалыг 3:2-оор хожсон.
Тэмцээнийг хамтран зохион байгуулагч АНУ-ын шигшээ баг Босни-Херцеговиныг 2-0 харьцаатайгаар буулган авснаар сүүлийн 24 жилийн хугацаанд анх удаа, түүхэндээ хоёр дахь удаагаа ДАШТ-ий хасагдах шатанд үлдлээ. Мөн тэд Европын багуудын эсрэг ДАШТ-д дараалан хожигдоод байсан 10 тоглолтын таагүй цувралаа зогсоож чадав.
Маурисио Почеттиногийн удирдсан АНУ-ын шигшээ баг ирэх даваа гарагт Сиэтл хотноо Бельгитэй тоглоно. Босни-Херцеговин улсын баг тэмцээнээс хасагдсан ч түүхэндээ анх удаа хасагдах шатанд үлдсэн амжилттайгаар ДАШТ-ийг өндөрлүүлж байна.