
Прокурорууд Дуэйн Дэвисийг 1996 онд машинаас буудаж, Шакурыг хөнөөсөн хэргийн “газар дээрх удирдагч” байсан гэж үзэж байна.
АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод хүлээлт өндөр байсан шүүх хурлуудын нэг эхэллээ. Рэппер Тупак Шакурын аллагатай холбоотой энэ шүүх хурлаар прокурор гэмт бүлэглэлийн удирдагчийн өшөө авах тушаалаар хөнөөсөн гэж тангарагтны шүүгчдэд мэдэгдэв.
Прокурор Бину Палал шүүх хурлын нээлтийн мэдэгдэлдээ, өмнө нь гудамжны гэмт бүлэглэлийн удирдагч байсан “Кийф Ди” хэмээх хочтой этгээд 1996 онд алдарт хип-хоп од Тупак Шакурыг машинаас буудан хөнөөсөн хэргийг зохион байгуулсан гэж мэдэгдэв. Энэ нь түүний зээ дүүг зодсоны хариу өшөө авалт байсан гэж прокурор тайлбарлажээ.
63 настай Дуэйн Дэвисийг Невада мужийн Парадайс хотод, Лас-Вегасын Стрип орчимд 30 орчим жилийн өмнө Шакурыг хөнөөсөн машинаас буудсан халдлагыг зохион байгуулсан хэрэгт буруутгаж байна. Тайзны нэрээрээ 2Pac хэмээн алдаршсан Шакурын амийг хөнөөсөн ажиллагааны “газар дээрх, хэргийн газарт байсан удирдагч” нь Дэвис байсан гэж прокурорууд үзэж байна.
Калифорнид амьдарч байсан 25 настай рэппер Шакур 1990-ээд онд богино боловч гялалзсан уран бүтээлийн замналаараа хип-хоп хөгжмийн нэгэн бэлгэ тэмдэг болсон юм. Тэрээр амьд ахуйдаа болон нас барсныхаа дараа Billboard-ийн жагсаалтыг тэргүүлсэн хэд хэдэн цомог гаргажээ.
Дэвисийг даваа гарагт Невада мужийн Кларк тойргийн шүүхэд галт зэвсэг ашиглан хүн амины хэрэг үйлдсэн, мөн гэмт бүлэглэлийн үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх, туслах зорилготой байсан гэх нэг зүйл ангиар яллагдагчаар татжээ. Тэрээр гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна.
Шүүгч Карли Кернигийн даргалж буй шүүх хурал зургаан долоо хоног хүртэл үргэлжилж магадгүй гэнэ. Тангарагтны бүрэлдэхүүнийг өнгөрсөн долоо хоногт сонгож дуусгажээ. Шүүх хуралд Death Row Records-ийн үүсгэн байгуулагчдын нэг Мэрион “Сүж” Найт гэрчээр оролцоно гэх мэдээлэл бий. Найт Шакурыг амиа алдсан шөнө түүнтэй хамт байсан юм. Тэрээр одоо өөр хэрэг болох санаатай бус хүний амь хөнөөсөн хэргээр 28 жилийн хорих ял эдэлж байгаа.
“Өшөө авах боломж гарч ирэхэд Дуэйн Дэвис халдагчдыг зэвсэгтэй, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд бэлэн байлгасан гэдгийг та бүхэн олж мэднэ. Хамгийн сонирхолтой нь үүнийг та бүхэн Дуэйн Дэвисийн өөрийнх нь ярианаас олж мэдэх болно” гэж прокурор Палал Лас-Вегас хотын төв дэх шүүхийн байранд тангарагтнуудад хэлжээ.
Тэрээр Дэвисийн сүүлийн үед олон нийтэд хийсэн мэдэгдлүүдийг дурдаад, эдгээр мэдэгдэл нь олон жил зогсонги байсан мөрдөн шалгах ажиллагааг дахин идэвхжүүлсэн гэдгийг онцолжээ. АНУ-ын прокурорууд Тупакийн амийг хөнөөх ажиллагааг Дэвис зохион байгуулж, буу зэргийг хангасан гэдгийг нотлохыг зорьж байгаа боловч түүнийг өөрөө биечлэн буудсан гэж буруутгаагүй.
Цагдаа нар Дэвисийг 2023 онд баривчилсныхаа дараа түүнийг олон жилийн турш сэжигтнээр шалгаж ирсэн боловч яллахад хангалттай, шүүхэд хүлээн зөвшөөрөгдөх нотлох баримт байгаагүй гэж мэдэгдэж байжээ. Харин Дэвис олон нийтэд дараалан мэдэгдэл хийх үеэрээ өөрийн оролцооны талаар ярьж эхэлснээр мөрдөн шалгах ажиллагаанд шинэ нотлох баримтууд бий болсон аж.
Харин өмгөөлөгч Майкл Сандт 30 жилийн дараа ч мөрдөн байцаагчдад хэргийг нотлох хангалттай баримт маш бага байна гэж мэдэгджээ.
“Эцсийн эцэст та бүхэн өөрөөсөө ‘Тэдний хэлж байгаа зүйл үнэн үү, эсвэл зохиомол зүйл үү?’ гэж асуух хэрэгтэй” хэмээн Сандт тангарагтнуудад хэлсэн байна.
Эрх баригчид Дэвисийг 1996 оны есдүгээр сарын 7-ны орой Лас-Вегасын MGM Grand зочид буудал, казинод Шакур болон түүний дагалдагчдын гарт зээ дүүгээ зодуулсны хариуд өшөө авах ажиллагааг зохион байгуулсан “шийдвэр гаргагч” байсан гэж тодорхойлжээ.
Казинод болсон энэхүү зодоон нь Лос-Анжелес орчмын хоёр гудамжны гэмт бүлэглэлийн хоорондын зөрчилдөөнөөс үүдэлтэй гэж үздэг. Үүнд Дэвис өөрийгөө удирдагч нь хэмээн тодорхойлдог South Side Compton Crips, харин цагдаагийн мэдээлснээр Найт болон Death Row Records-той холбоотой байсан Mob Piru бүлэглэлүүд багтаж байжээ.
Тэд тухайн үед Майк Тайсон, Брюс Селдоны хооронд болсон хүнд жингийн дэлхийн аваргын боксын тулааныг үзэхээр Лас-Вегаст очсон байв. Эдгээр гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хип-хопын уламжлалт “Алтан үе” 1990-ээд оны дундуур төгсгөлдөө орж байх үед хамгийн идэвхтэй байсан юм.
Прокурорын үзэж байгаагаар Дэвис хүн амины хэрэгт ашигласан бууг олж авч, зодооны дараа Найт болон Шакурын сууж явсан машиныг хайж явсан цагаан өнгийн Cadillac машины арын суудалд байсан хоёр хүнд уг бууг дамжуулжээ.
Дэвис болон бусад хүмүүс Найт, Шакурын сууж явсан машиныг гүйцэж очих үед буудлага болсон байна. Шакур дөрвөн удаа буудуулж, зургаан хоногийн дараа эмнэлэгт нас баржээ. Машиныг жолоодож явсан Найт толгойн хэсгийг сумны хэлтэрхий шүргэсний улмаас хөнгөн шархадсан байна.
Шакурын үхэл 1990-ээд оны “gangsta rap” хөгжмийн дууны үг, соёлтой холбоотой хүчирхийллийн талаарх ойлголтыг улам хүчтэй болгож, АНУ-ын Зүүн эрэг болон Баруун эргийн уран бүтээлчдийн хооронд аль хэдийн хурцадсан өрсөлдөөнийг улам даамжруулсан юм.
Тупак Шакур нас барсан нь рэп хөгжмийн түүхэн дэх эргэлтийн цэгүүдийн нэг болсон билээ.