
Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд 2027 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг хэлэлцэн тогтоолоо.
Сонгуулийн төв байгууллага жил бүрийн есдүгээр сарын 15-наас өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан. Төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоохдоо УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, УИХ-д тухайн намын авсан суудлын тоог тус тус үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог. Улмаар нам, эвслийн 2026 оны санхүүгийн тайланг хуульд заасны дагуу хувийн аудитын байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар хянаж, дүгнэлт гаргасны дараа хянагдсан тайлан дахь орлогын дүнгээс хамааруулж, төрөөс олгох санхүүжилтийг 2027 оны тавдугаар сард багтаан эцэслэн тогтоох юм.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар долоон нам, эвсэл сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан. Дээд шүүхийн 2026 оны зургаадугаар сарын 22-ны 66 дугаар тогтоолоор "ШИНЭ нам"-ыг бүртгэлгүйд тооцсон тул "Шинэ нэгдсэн эвсэл"-д олгох төрийн санхүүжилтийг зогсоожээ.
