
Пакистаны армийн шөнийн агаарын довтолгооны улмаас Афганистанд дөрвөн энгийн иргэн амь үрэгдсэн тухай Талибаны засаг захиргаа мэдэгдлээ. Ингэснээр хоёр хөрш улсын хооронд сүүлийн жилүүдэд байгаагүй мөргөлдөөн улам ширүүсч байна.
Афганы Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахидын мэдээлснээр Пакистаны нисэх онгоцууд Кандахар хотын нисэх буудлын ойролцоо байрлах хувийн агаарын тээврийн Кам Эйр компанийн түлшний агуулахыг онилжээ.
Энэ компани иргэний агаарын тээвэр болон НҮБ-ын нисэх онгоцуудад түлш нийлүүлдэг байна.
Мөн Пакистаны хүчнийхэн Афганы нийслэл Кабул болон Пактия, Пактика мужуудад довтолсон гэж тэр нэмж хэлжээ. Зарим газарт орон сууцны барилгууд онилогдсон гэж мэдээлсэн байна. Кабул хотын цагдаагийн төлөөлөгч Халид Задран дор хаяж дөрвөн энгийн иргэн, түүний дотор хүүхдүүд амь үрэгдэж, 15 хүн шархадсан гэж мэдэгджээ.
Пакистан болон Афганистан хоёр улс хоёрдугаар сарын сүүлээс эхлэн харилцан довтолж эхэлсэн байна. Кабулын тал Пакистаны хил орчмын довтолгоонд хариу болгон Пакистаны цэргийн постуудыг онилсон гэж мэдэгдсэн бол Пакистаны арми өөрсдийн ажиллагаа нь босогч бүлэглэлүүдийн эсрэг чиглэсэн гэж тайлбарлажээ.
Пакистаны талын мэдэгдсэнээр эдгээр ажиллагаа нь тус улсад халдлага үйлддэг босогчдын эсрэг явуулж буй ажиллагаа юм. Харин Афганистан тэднийг нутагтаа орогнуулдаг гэх мэдэгдлийг үгүйсгэж байна. Пакистан энэ мөргөлдөөнийг “нээлттэй дайн” гэж тодорхойлжээ.
НҮБ-ын Афганистан дахь төлөөлөгчийн газрын мэдээлснээр хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 5-ны хооронд Пакистаны цэргийн ажиллагааны улмаас багадаа 56 энгийн иргэн амь үрэгдсэн бөгөөд тэдний 24 нь хүүхэд байсан байна.
Сүүлийн довтолгооны өмнөх өдөр Хятадын тусгай элч Юэ Сяоюн Пакистанд айлчилж, Афганистаны асуудал хариуцсан Пакистаны тусгай төлөөлөгч Мохаммад Садиктай уулзжээ.
Мохаммад Садик Х нийгмийн сүлжээнд “Тэд Техрик-э-Талибан Пакистан болон Зүүн Туркестаны Исламын Хөдөлгөөн зэрэг бүлэглэлүүдээс үүсэх аюулын талаар ярилцсан” гэж мэдэгдсэн байна.
Талууд бүс нутагт тогтвортой байдал бий болгохын тулд хамтран ажиллах шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн гэж тэр нэмж дурджээ.
2021 онд Талибан Афганистанд дахин эрхэнд гарснаас хойш Техрик-э-Талибан Пакистан бүлэглэл Пакистан дотор болон хоёр улсын хил орчимд халдлагаа эрс нэмэгдүүлсэн байна.
Пакистаны засгийн газар Афганистан өөрийн нутаг дэвсгэрээс үйл ажиллагаа явуулж буй босогч бүлгүүдийг хязгаарлах бодит арга хэмжээ авах хүртэл цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байна.