Дэлхийн хамгийн хуурай цөл гэгддэг Чилийн Атакамад цас орж, цөлд ажиллаж амьдардаг олон хүнийг гайхшруулжээ. Хүмүүсийг сэрэхэд цөлийн ихэнх хэсэг цасанд хучигдсан байжээ.

Чилийн нийслэл Сантьяго хотоос хойшоо 1700 км орчим зайд, далайн түвшнээс 2,900 метрийн өндөрт байдаг АЛМА ажиглалтын төвийнхөн уг явдлыг гэрчилсэн байна.

Хамгийн том телескоп байрладаг Чажнанаторын өндөрлөг тэр чигтээ цасанд хучигдсан байна. Цөлийн энэ хавьд ойрын арван жилийн турш цас үзэгдээгүй байна.

Сантьягогийн их сургуулийн цаг уурчдын хэлж байгаагаар цөлд цас орсон нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөө юм. Цаашид Атакамын цөлд хур тунадас унах нь илүү нийтлэг, ойрхон давтамжтай болно гэж таамаглажээ.

Өнгөрсөн жил Атакамын цөлд бороо орж, хөрс нь дэвтэснээр цэцэг ургаж мөн эндэхийн хүмүүсийг гайхшруулж байсан юм.

Манай гаргийн хамгийн хуурай амьгүй, харанхуй хэсэг гэгддэг Атакамын тал нил ягаан болон цагаан өнгийн цэцэгсээр хучигдаж, цэцэгт нуга үүсэж байжээ.

Өмнөх жилүүдийн туршлагаас харахад цөлийн өмнөд хэсэгт хаврын цагаар цэцэг ургах тохиолдол байжээ. Гэвч энэ нь хэдэн жилдээ ганц удаа тохиодог. Мөн тийм ч олон тооны цэцэг ургадаггүй байна.

Гэтэл өнгөрсөн жил өвлийн улиралд 15 000 км кв талбай цэцгэнд хучигдаж байжээ. Энэ талбайд 200 гаруй нэр төрлийн ургамал цэцэг ургасан байсан нь урьд өмнө үзэгдээгүй ховор тохиолдол юм.

Атакамын цөлийн уур амьсгал, хүрээлэн буй орчныг Ангараг гарагтай төстэй гэж үздэг. Тиймээс Ангараг гараг руу аялах сургалтын баазыг энд байгуулжээ.