
Зуны үер, өвлийн зуд, хавар намрын шороон шуургыг монголчууд бид улирлын шинжтэй хэмээн үл тоомсорлох нь бий.
Монгол орны байгаль орчинд орж буй өөрчлөлт, сорилтууд нь ирээдүйн асуудлууд огт биш гэдгийг бэлчээрийн мал аж ахуйд түшиглэн амьдардаг малчдад тулгарсан бэрхшээлүүд бэлхэн харуулна. Элсний нүүдэл, цөлжилт, талхагдлаас үүдэлтэй бэлчээрийн доройтол, ширгэсэн гол мөрөн, ургамал амьтны аймгийн төрөл зүйл, тоо толгойн буурал хүртэл малчдын өдөр тутмын амьдарл, амьжиргаа, уламжлалт амьдралын хэв маягт заналхийлж байна. Энэ асуудалд огт анхаарахгүй байгааг харуулсан бодит тоон мэдээлэл бүхий судалгаа ч Nature.com сайтад байршжээ.
НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк
Монголын цаг агаарын температур дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байгаа нь цаг уурын эрс тэс үзэгдэлд тодорхой нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд цочром хүйтэн, цас мөсөнд олон сая мал хорогдож, малчин өрхүүдийн ядуурлыг гүнзгийрүүлэхэд нөлөөлжээ.
Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж нэрлэж ч болох экоцид, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг монголчууд бид бодитоор, үр дүн гарахуйц юу ч хийхгүй байгааг харуулсан харамсалтай жишээ нь Хятад, Өмнөд Солонгосыг дайрдаг “шар тоос” юм.
Солонгосчуудад маск зүүлгэдэг шуурга
Агаарын нам даралтын систем болон монгол циклон нь Зүүн Азийн хаврын шар шороон шуурганы гол хөдөлгөгч хүчин болдог гэж 2025 онд нийтлэгдсэн судалгааны дүнд гарчээ.
Nature.com сайтад нийтлэгдсэн “How much do atmospheric depressions and Mongolian cyclones contribute to spring dust activities in East Asia?” судалгааны нийтлэлд дурдсанаар агаарын нам даралтын систем нь:
- Говь цөлийн нийт тоосжилтын ойролцоогоор 90–92%
- Зүүн Азийн доошлох бүсүүдийн тоосонцрын оптик нягтын 88–93%-ийг шалтгаан, тайлбар болж буйг онцолжээ.
Агаарын нам даралтын систем нь эргэн тойрныхоо агаараас бага, агаарын урсгал нь төв рүүгээ чиглэсэн, дээшээ өгсөх хөдөлгөөнтэй агаар мандлын бүсийг хэлдэг. Нам даралтын нөлөөгөөр ихэвчлэн үүлэрхэг, хур тунадас ихтэй, салхитай гэхчлэн тогтворгүй цаг агаарыг бий болгодог буюу муу, сөрөг цаг агаарыг хэлдэг аж.
Харин урт настай, хөдөлгөөнт нам даралтын систем болох Монгол циклон говийн нийт тоосжилтын 39–47%, агаарааг “тээвэрлэгдсэн” тоосонцрын 34–43%-ийг үүсгэдэг байна.
Өөрөөр хэлбэл бүх шар тоосны ихэнх нь нам даралтын системтэй холбоотой, asian dust хэмээн нэрлэгдсэн Азийн хамгийн хүчтэй, сөрөг нөлөөтэй нарийн тоосонцорын шалтгаан буюу асар хүчтэй шуургуудын гол шалтгаан нь монгол циклон байдаг гэж судалгаа үзжээ.
Судалгаанд 2001–2022 оны цаг уурын өгөгдлийг дахин боловсруулан ашиглахын зэрэгцээ хиймэл дагуулын зураг, тоосонцрын хэмжилт, Хятадын цаг уурын албаны мэдээллийг ашигласан байна.
Монгол циклонууд ихэвчлэн Алтай-Саяаны уулсын салхины араас үүсэж, хүйтэн агаар өмнө зүгт түрэн орж, хүчтэй салхи үүсгэн, говь цөлийн тоос босгодог гэж тайлбарлажээ. Монголын тоосжилтын тухай 2023–2025 оны мэдээллийг багтаасан уг судалгаагаар Төв Ази, Mонгол болон Өвөр Монгол нь Зүүн Азийн тоосны идэвхийн гол халуун цэгүүд гэж тодорхойлогдсон. Үүн дундаас говь цөл хаврын хүчтэй шороон шуурганы үндсэн эх үүсвэр болдог гэдгийг онцолсон байна.
БНХАУ, БНСУ, зарим жилүүдэд Японы улсыг хүртэл нэрвэдэг энэ гамшгийн эхлэл нь Монгол улс гэхээр таатай сонсогдохгүй нь лавтай. Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, UNCCD, UNEP-ийн тайлангуудад дурдсанаар Монголын газар нутгийн 76-77 орчим хувь нь цөлжилтөд өртсөний улмаас олон сая тонн тоосонцор агаарт дэгдэж, агаарын өндөр урсгалаар дамжин Зүүн Ази руу нүүдэллэдэг. 2023 оны хүчтэй шуурганы үед Монголоос эх үүсвэртэй тоос Хятадын хойд хэсэгт хэмжигдсэн нийт тоосжилтын 60%-иас дээш хувийг бүрдүүлсэн байна.
Цөлжилт нэмэгдэн, дулаарал, хуурайшилт зэрэг уур амьсгалын өөрчлөлт дээр нэмээд бэлчээрийн доройтол ургамлын бүрхэвч багасгаснаар хөрс илүү салхинд илүү хялбар өртөх болсноор агаарын урсгалаар зөөгдөх нь илүү ихэссэн гэдэг тогтоогджээ. Moнголоос эхлэн үүссэн тоос нь Зүүн Азийн томоохон хотуудын агаарын чанарт шууд нөлөөлдөг. Тодруулбал, БНХАУ-ын Бээжин, Шэньян, Шанхай, Тяньжин, БНСУ-ын Сөүл зэрэг хотуудын 4 болон 5 дугаар сарын агаарын чанар илт мууддаг.
Хаврын нэг сард дунджаар 7.1 ± 1.3 Монгол циклон үүсдэг аж. Монгол циклонуудын уртрагийн 100°E – 125°E, өргөрөгийн 37°N – 53°N -т үүсдэг зүй тогтол ажиглагджээ. Монгол циклонуудын дундаж насжилт ойролцоогоор 55 цаг.
Зүүн Азийн бүсэд уртрагийн дагуу 21°, харин өргөргийн дагуу 5° зайг туулдаг нь циклонууд нь Зүүн Азид тоостой агаарыг зүүн зүг рүү тээвэрлэх гол механизм болдгийг баталсан байна.
2023 онд Хятадад болсон нэг шар тоосны шуурганы үед монголын “хувь нэмэр” 42% гаруй байсан бол 4-р сарын хүчтэй шуурганы үеэр энэ хувь 62% хүртэл өссөн.
Зөвхөн Сөүл хотоор жишээлэн үзвэл шар тоос ирэх үед зөвхөн харагдах орчин багасах төдийгүй, аж үйлдвэрийн бохирдуулагч бодисууд (пестицид зэрэг), вирус, мөөгөнцөр, бактери, мөн хүнд металлууд хамт “шууран ирдэг” бөгөөд эдгээр нь бүгд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Цаг хугацааны явцад хүнд металлууд болон аж үйлдвэрийн бохирдуулагч бодисууд нь ургац, хөрсөнд мөн хохирол учруулдаг тул бохирдол зөвхөн хүний эрүүл мэндээр хязгаарлагдахгүй.
Эрүүл мэндийн эрсдэл - Шар тоосны агууламж агаар дахь эрүүл мэндэд аюултай түвшинд хүрэх үед буюу ойролцоогоор 400 микрограмм/куб метр орчим болох үед Сөүл хотын захиргаанаас хүмүүсийг гадаа зохион байгуулах үйл ажиллагаагаа хязгаарлахыг анхааруулдаг бөгөөд ялангуяа хүнд дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэхээс зайлсхийхийг зөвлөдөг.
Эрүүл хүмүүсийн хувьд хоолой өвдөх, нүд хуурайших зэрэг шинж тэмдэг илэрдэг бол хүүхдүүд, өндөр настнууд болон амьсгалын замын өвчтэй хүмүүсийг дотор байлгахыг зөвлөдөг.
Зарим тохиолдолд шар тоосны агууламж 800 микрограмм/куб метр-ээс давдаг. Ийм тохиолдолд сургуулиуд хаагдаж, гадаа арга хэмжээнүүд цуцлагдаж, онцгой шаардлагагүй бол гадаа гарахгүй байх ерөнхий анхааруулга зарлагддаг.
Эдийн засгийн нөлөө - Шар тоосны эдийн засагт үзүүлэх нөлөөг хэмжихэд хүндрэлтэй байдаг нь энэ үзэгдэл давтамжгүй, тогтворгүй байдгаас шалтгаалдаг. Шууд нөлөөний ганцхан жишээ дурдахад хүнсний худалдааны лангуу, захын худалдаачид бараа, хүнсээ хамгаалахын тулд үйл ажиллагаагаа түр зогсоох шаардлагатай болдог. Гадна байрлах тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг бүрхэж хамгаалах хэрэгтэй бол ХАА, МАА-н салбар нь хүлэмж, бэлчээр, саравч зэргийг тогтмол цэвэрлэж ариутгах шаардлагатай болдог. Ингэж байж ургамал, амьтдаа тоосоор дамжих өвчин тусахаас сэргийлдэг талаар БНСУ-ын Үндэсний Онцгой Байдлын Удирдлагын Агентлаг мэдээлжээ.
Манай улс, БНХАУ Өмнөд Солонгосын дэмжлэгтэйгээр цөлжилтийг сааруулах зорилгоор мод тарих ажлыг эхлүүлсэн боловч үр дүнтэй эсэх нь цаг хугацаа л харуулах зүйл болоод буй аж.
Мэдээллүүдээс үзэхэд шинээр тарьсан олон мод нь элсэн шуурга, тоосонцорт дарагдаж, газарт унасан эсвэл өөрсдийн хамгаалах ёстой хөрсөндөө хагас булшлагдсан байдалтай болсон, арчилгаа тордолт дутсанаас үхэж хатсан нь ч цөөнгүй.
Экологийн нөхцөл байдал доройтсоор байвал шар тоосны байгаль орчин болон эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө улам нэмэгдэнэ гэж эрдэмтэн, шинжээчид таамаглаж байна.
Хамгийн харамсалтай нь экологийн гамшиг экоцид нь аль нэг улсын хилээр хязгаарлагдахгүй өргөн хүрээнд нөлөөлж, хил дамнадагт оршино.
Цөлжилтийг зогсоох, улмаар шар тоосны нөлөөг бууруулах нь Ази тивийн орнуудын хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх чухал боломж төдийгүй монголчууд биднээс урт хугацааны тогтвортой, зөв бодлогыг шаардаж байгааг мартаж болохгүй.