Дэлхийн хамгийн чинээлэг арван хүний нэг Жефф Безос сүйт бүсгүй Лорен Санчезын хамт хуримын ёслолоо энэ долоо хоногт Италийн аялал жуулчлалын төв, түүхэн дурсгалт алдарт Венец хотноо хийхээ зарласан билээ. Одоогоор хуримын үйл ажиллагааны талаар албан ёсны нарийн дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй боловч ойрын эх сурвалжууд болоод томоохон хэвлэлүүд хуримын талаар мэдээлж эхэлжээ. Юун түрүүнд Безос хуримын ёслолоо Венец хотын төвд байдаг 16 дугаар зууны үеийн түүхэн дурсгалт Скуола Гранде делла Мисерикордиад хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч түүний хуримыг энд хийлгэхийг эсэргүүцсэн хүрээлэн буй орчныг хамгаалагчид “Безост талбай үгүй” гэсэн жагсаал хэд хоногийн турш үргэлжлүүлжээ. Жагсаалын дүнд тэрбумтан хуримын ёслол хийх гудамжаа өөрчилж Венецийн усан онгоцуудын цогцолбор бүхий Арсеналед хийхээр болсон байна. Безосын хуриманд дэлхийн хамгийн баян чинээлэг болоод алдартай хүмүүс цуглана. Ойролцоогоор 200 орчим зочин ирэх бөгөөд 95 хувийн онгоц Венецэд газардахаар бүртгүүлсэн байна.
Зочдын дунд Америкийн Ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка Трамп багтсан. Трамп Ойрхи Дорнодын хямралыг зохицуулахаар ажиллаж байгаа тул охиных нь аюулгүй байдлыг хамгаалж Безосын хурим болох өргөн чөлөөг хамгаалалтад авч хаасан байна. Зочдын нэрсийн жагсаалтаас харахад энэ хурим дээд зэрэглэлийн тансаг, өртөг зардал их гарах нь ойлгомжтой байна. Зочдын нэрсийн жагсаалтад дэлхийн хамгийн баян тэрбумтан Илон Маск, Билл Гэйтс, Ким Кардашиан, Леонарда ДиКаприо, Опра Уинфри, Руперт Мюрдок, Орландо Блүм, Селма Хаек зэрэг чинээлэг төдийгүй Холливудын алдартнууд багтжээ. Хуримын зардлыг барууны шар хэвлэлүүд хамгийн багаар бодоход 10 сая ам.доллар байх болов уу гэж таамаглаж байна. Безос, Санчез нар урьсан зочин нэг бүртээ багаар бодоход 50 000 ам.доллар зарцуулна.
Зочид өчигдөр, өнөөдөр гэсэн хоёр өдөрт Венецэд ар араасаа цуглаж эхэлсэн. Хуримын товын талаар албан мэдээлэл байхгүй ч хуримын арга хэмжээ пүрэв гарагт эхэлж гурав хоног үргэлжлэх төлөвтэй. Хос баасан гарагт Венецийн Сан Жиоржио Мажиоре сүмд тангараг солилцох байх. Бямба гарагт хуримын хамгийн том үдэшлэг болно гэж энтертайнмент хэвлэлүүдэд бичжээ.
Безосын хуриманд хотын иргэд тийм ч таатай хандахгүй байгаа. Учир нь Венец хот аялал жуулчлалын оргил үед шөнийн цагаар нь 100 000 жуулчинд үйлчилдэг. Безосын хуримын үеэр хотын иргэдийн аялал жуулчлалаас олох ашиг орлого буурч магадгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид дэлхийн хамгийн баян хосуудын нэг Безос, Санчез нарыг хүрээлэн буй орчныг хамгаалахад дуу хоолойгоо хүргэдэггүй гэж зэмлэдэг.
Сонирхуулахад 11 жилийн өмнө Холливудын нэрт жүжигчин Жорж Клүни Венецэд хуримаа хийж байжээ.